Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 онд болно. Үүнтэй холбоотойгоор улс төрийн нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд ил, далдаар бэлтгэж, нэр дэвшигчээ тодруулах дүрмээ хэлэлцэж эхэлжээ.
АН-ын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахдаа дотоод сунгаа зарлахгүй, харин Үндэсний бодлогын хорооны гишүүдийн саналаар тодруулах хувилбар яригдаж байгааг эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл эрх баригч МАН-ын хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ард түмнээсээ асууж тодруулна нь гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содбаатар ярьжээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын Намын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөнд илтгэл тавьж, намын шинэчлэл, гишүүдийн санал хүсэлт, 2027 оны бүс нутгийн намын байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн байна.
Энэ үеэр тэрээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын анхан шатны байгууллага, гишүүд, иргэдийн санал болон судалгаанд тулгуурлан тодруулах зарчмыг танилцуулсан байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүлээлт, рейтингийн судалгаа хийж, намын анхан шатны байгууллага, намын дэргэдэх байгууллагуудаас санал авах байдлаар тодруулна гэжээ.
Мөн МАН-ын гишүүнчлэлийн бүртгэлийг шинэчилж, давхардсан болон хуучирсан мэдээллийг цэгцэлснээр 304 мянган бодит бүртгэлтэй гишүүнтэй болсныг онцлоод намын дотоод талцлыг зогсоох, анхан шатны байгууллагуудыг бэхжүүлэх, УИХ-ын гишүүдийн тойрог дахь ажлыг сайжруулах, иргэдийн санал хүсэлтэд эргэх холбоотой ажиллах шаардлагатайг дурдсан байна.