Засгийн газар 2026 оны тавдугаар сарын 20-ны хуралдаанаараа Байдрагийн усан цахилгаан станцын төслийг "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль"-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд одоогоор 9 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Оролцогчдын саналыг арваннэгдүгээр сарын 12-ны 15:00 цаг хүртэл хүлээн авах аж.
Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумдын зааг, Сүүдэртийн хясаа орчимд барина. Станц ашиглалтад орсноор жилд 58.9 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ.
Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн зарим сумын эрчим хүчний хэрэгцээг ОХУ-аас импортоор хангадаг бөгөөд станц ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын цахилгаан хангамж найдвартай болно. Мөн Төвийн бүсийн нэгдсэн системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэж, станц оргил ачаалал болон аваарын үед горим тохируулах үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн Булган аймгаас Баянхонгор хүрэх 600 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг жилд 17.8 сая кВт.ц-аар буюу ойролцоогоор 2.5 тэрбум төгрөгөөр бууруулах тооцоо гарчээ.
Төслийн хүрээнд Байдраг гол дээр ойролцоогоор 400 сая шоо метр багтаамжтай, 16.5 км² усан мандлын талбай бүхий хиймэл нуур байгуулна. Энэ нь усны нөөцийг хуримтлуулж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна усалгаатай газар тариалан, загас үржүүлэг, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засагт олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Мөн төслийн хүрээнд орон нутагт 50–60 байнгын ажлын байр шинээр бий болохоор байна.