Энэ 7 хоногийн эхээр Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаярын оронд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томилно гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Энэ нь ч үнэний ортой гэнэ. Учир нь Эдийн засаг хөгжлийн яамыг мэргэжлийн хүнээр удирдуулахаар Ерөнхий сайд Н.Учрал ярьж эхэлсэн байна. Гол шалтгаан нь нүүрсний экспорт гацаанд орж, төсвийн орлого тасарч, эдийн засаг хүндрээд байгаа учраас мэргэжлийн хүнээр Эдийн засаг хөгжлийн яамыг удирдуулах өөрчлөлтийг ойрын хугацаанд хийхээр ярьж эхэлжээ. Дөнгөж саяхан Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Б.Чойжилсүрэн гишүүний өрөөнд уулзалт хийсэн. Энэ талаар Ж.Энхбаяр сайд "Бид өрөөний хөршүүд. Тиймээс байнга орж гарч уулздаг. Үндсэн хуулиар Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй" гэж сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Нүүрс, зэсийн экспортоос төсвийн орлогоо бүрдүүлдэг манай улсын хувьд урд хөрштэйгөө ойлголцож, экспортоо таслахгүй байх нь нэн тэргүүний чухал ажил. Гэтэл наймдугаар сараас Гашуунсухайт боомтод засвар хийж байгаа нэрийн дор нүүрсний экспортыг 40 хувь болгон бууруулсан. Мөн өнгөрсөн сарын 15-аас Оюу толгойн зэсийн баяжмалын экспортыг 70 хувиар бууруулсан. Энэ нь цаад талдаа улс төрийн үл ойлголцол байсан гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал ч хэлсэн юм. Тиймээс БНХАУ-ын талтай ойлголцдог, холбоо хамааралтай, эдийн засгийн мэргэжилтэй, туршлагатай хүн Н.Учрал Ерөнхий сайдад хэрэгтэй байгаа бололтой.