Н.Одонтуул: Хүүхдийг ялаас чөлөөлөх боломжтой ч эцэг эх ял тохиролцоод ирдэг
Монгол Улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тус шүүх Багануураас бусад найман дүүргийн хэмжээнд гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхээс гадна өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх юм. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн доктор Н.Одонтуултай ярилцлаа.
-Монголд анх удаа байгуулагдаж буй Нийслэлийн Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны дагнасан шүүхийг Та удирдах үүрэг хүлээлээ. Энэ үүрэг хариуцлагыг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Монгол Улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан анхан шатны шүүх байгуулагдаж нийт 12 шүүгч томилогдсон. Шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчид зөвлөгөөн хийж, дотроосоо ерөнхий шүүгчээ сонгодог. Миний бие шүүгчдийнхээ итгэлийг хүлээж ерөнхий шүүгчээр сонгогдлоо. Өндөр ёс зүй, хариуцлагатай ажил тул өөрийн туршлага, мэдлэг чадвараа дайчлан ажиллана.
-Дагнасан шүүх ямар хэрэг, маргааныг шийдвэрлэх вэ?
-Манай шүүх Багануураас бусад найман дүүргийн иргэдийн гэр бүлийн хэрэг буюу гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ. Түүнчлэн өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны хүнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах, хугацааг сунгах асуудлыг хэлэлцэнэ. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах, улмаар тодорхой хугацааны дараа дахин хэлэлцэж, ял оногдуулах, эсхүл ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Танай шүүх жилд хэчнээн хэрэг маргаан шийдвэрлэх тооцоотой байна вэ?
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан Шүүн таслах ажлын тайлангаар 2025 онд улсын хэмжээнд 6120 гаруй гэр бүлийн маргаан шийдвэрлэснээс 4100 орчмыг нь нийслэлд шийдсэн байна. Тодруулбал, Багануур дүүргээс бусад найман дүүрэгт жилд дунджаар 3-4 мянган гэр бүлийн маргааныг шийдвэрлэж байна. Үүнээс гадна өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийг ч манай шүүхэд харьяалуулсан. Шүүн таслах ажлын тайлангаас харахад улсын хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн 50 хувийг нийслэлийн төвийн 6 дүүрэг шийдвэрлэсэн тоо байна. Тэгэхээр манай шүүх улсын хэмжээний хэрэг, маргааны 50 гаруй хувийг шийдвэрлэх төлөвтэй байна.
-Олон улсад гэр бүл, хүүхдийн шүүх хэрхэн ажилладаг вэ. Дагнасан шүүх олон улсын жишигт хэр нийцэж байна вэ?
-Олон улс оронд гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Япон Улсад 1949 онд, БНСУ-д 1963 онд гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдсан байдаг. Миний туршлага судалж байсан Канад Улсад ч гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхтэй. Тэнд яг манайхтай адил гэр бүлийн хэрэг, хүүхдийн асрамж, тэтгэлэг, тэжээн тэтгүүлэх, дундын өмчтэй холбоотой маргааныг шийдвэрлэхээс гадна өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэдэг. Тэгэхээр манай шүүх ч тэдний адил гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг дагнан шийдвэрлэнэ. Монгол Улсад өмнө нь дагнасан захиргааны хэргийн шүүх байгуулагдаж байсан. Харин одоо гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийг анх удаа байгуулж байгаа юм.
Та бүхэн ердийн шүүхийг харсан байх. Гэр бүл, хүүхдийн шүүх бол гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах, аюулгүй орчинд шийдвэрлэж, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах ёстой. Иймд бага насны хүүхэдтэй уулзалт хийх, гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах тусгай өрөө, тасалгаатай, аюулгүй байдлыг хангасан байртай байх шаардлагатай.
Одоогоор тус шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүх байрлаж байсан байранд, олны нэрлэж заншсанаар Драгон төвийн яг ард үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж энэ нь гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийн стандартыг хангасан, олон улсын жишигт нийцсэн байр биш. Тийм байртай болж чадвал гэр бүл, хүүхдийнхээ эрх ашгийг бүрэн хангасан үйл ажиллагаа явуулах боломжтой. Гэхдээ одоо байгаа байрныхаа нөхцөл боломжийн хүрээнд бид үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Манай шүүх гэр бүлийн маргаанаас гадна хүүхэд холбогдсон бүх төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэнэ. Ингэхдээ лсын хэмжээний хэрэг, маргааны 50 гаруй хувийг шийдвэрлэх төлөвтэй байна.
-Шүүхийн нээлтийн үеэр эвлэрлийг дэмжихийн зэрэгцээ хүчирхийлэлд өртсөн хүний аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаална гэсэн байр суурь илэрхийлсэн. Хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрхэн хязгаарлаж, хохирогчийг дарамтаас хэрхэн хамгаалах вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл өөрийн гэсэн онцлогтой. Энэ нь гэр бүлийн дотоод орчинд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд, цоожтой хаалганы цаана, дөрвөн хананы дунд үйлдэгддэг. Гэр бүлийн маргаан, хүчирхийллийг өмнө нь өөр өөр шүүх шийдвэрлэдэг байсан. Одоо гэр бүлийн маргаан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл бүгд нэг шүүхэд шийдвэрлэгдэнэ. Түүнчлэн шүүхэд эвлэрүүлэн зуучлах баг ажиллана. Энэ баг эвлэрүүлэн зуучлах нэг шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйч гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй. Хуульд зааснаар эвлэрүүлэн зуучлах баг нь шүүгчийн захирамжаар даалгасан гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулна.
-Гэр бүл, хүүхэдтэй холбоотой нийт хэргийн 50 гаруй хувийг танай шүүх шийдвэрлэнэ гэж ойлголоо. Одоогийн бүрэлдэхүүнээрээ ийм ачааллыг даах боломжтой юу?
-Дагнасан шүүх байгуулагдахад 12 шүүгч томилогдсон. Улсын Их Хурлаас 29 шүүгчийн орон тоо баталсан. Энэ нь судалгаанд үндэслэсэн, хэрэгцээ шаардлагад нийцсэн орон тоо гэж би ойлгож байна. Одоогоор хэрэг, маргаан шийдвэрлээгүй, тоо баримт гараагүй байгаа тул урьдчилан хэлэх боломжгүй.
Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан шүүн таслах ажлын тайлангаас харахад манай шүүх улсын хэмжээний гэр бүлийн маргаан болон өсвөр насны хүн холбогдсон хэргийн 50 хувийг шийдвэрлэхээр байна. Одоогийн бүтцээрээ ийм хэмжээний хэрэг маргаан шийдвэрлэнэ гэвэл мэдээж ачаалал ихсэнэ. Цаашид Улсын Их Хурлаас баталсан 29 орон тоотой ажиллавал найман дүүргийн гэр бүлийн маргаанаас гадна өсвөр насны хүүхдийн хэрэг, зөрчил, мөрдөн шалгах ажиллагаанд таслан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг асуудлыг бүгдийг нь шийдвэрлээд явах боломжтой гэж бодож байна.
-Тэгвэл нэг шүүгчид ногдох хэргийн тоо хэд байх тооцоотой байна вэ.
-Найман дүүрэгт нийт хэдэн шүүгч ажилладаг билээ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 20 гаруй шүүгч ажиллаж байна.
Гэтэл найман дүүргийн шийдвэрлэж байсан хэрэг, маргааныг манай 12 шүүгч шийдвэрлэнэ гэхээр эхний ээлжинд ачаалалтай ажиллах зураглал харагдаж байна. Хэдий тийм ч бид томилогдож, үүрэг хүлээсэн учраас тэр ачааллыг даваад гарна.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах ажиллагаа маш богино хугацаанд явагддаг. Тухайлбал баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах, хугацаа сунгах асуудлыг хуульд заасан 24, 48 цагийн дотор шийдвэрлэх ёстой. Энэ үед шүүгч иргэний хэрэг ч, эрүүгийн хэрэг ч мөн шийдэх тул ачаалал мэдээж нэмэгдэнэ.
-Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хэчнээн нэхэмжлэл ирсэн бэ?
-Шүүхийн үйл ажиллагаа эхэлснээс хойш хоёр хоногийн хугацаанд гэр бүлийн маргаантай холбоотой 50 гаруй нэхэмжлэл хүлээн авсан. Эрүүгийн хэрэг, зөрчил, мөрдөн шалгах ажиллагаанд таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой санал, хүсэлт одоогоор ирээгүй байна. Энэ нь хүүхэд гэмт хэрэг үйлдээгүй байна гэсэн үг биш юм. Өмнө нь энэ асуудлыг ердийн шүүх хэлэлцэж байсан.
-Шүүхийн байр, байршлын хүндрэлээс шалтгаалан иргэд үйлчилгээ авч чадахгүй байх эрсдэл байна уу?
-Найман дүүргийн иргэд, ялангуяа алслагдсан Багахангай дүүргийнхэнд байршил хүндрэлтэй байна. Багахангай дүүрэг бол Налайх дүүргийн цаана, Төв аймгийн сумаар дамжиж очдог газар. Тэндээс болон Баянзүрх дүүргээс ирж буй иргэдэд манай шүүхийн байршил хол байна. Эхний өдрүүдэд нэхэмжлэл цөөн ирж байгаагийн шалтгаан ч үүнтэй холбоотой. Иргэд “Ямар хол юм бэ. Танай байрыг арай гэж олж ирлээ. Хэцүү байна. Маш удаан хүлээж байгаад ирлээ. Өөрийнхөө амьдардаг дүүргийн шүүхэд маш богино хугацаанд очиж өгөх боломжтой байсан” гэж ярьж байна. Хүүхдээ тэвэрсэн, тэргэнд түрсэн эмэгтэйчүүд арай гэж ирж байна.
-Олон нийтийн дунд зөвхөн гэр бүлийн хэрэг маргаан шийддэг шүүх гэж ойлгох хандлага байна. Гэтэл хүүхэд холбогдсон хэргийг ч танай шүүх шийдвэрлэх юм байна. Тийм үү?
-Бид гэр бүлийн маргаанаас гадна хүүхэд холбогдсон бүх төрлийн зөрчил, хүүхдийн үйлдсэн бүх төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэнэ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдэд хуульд заасан хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хугацааг сунгах, хойшлуулшгүйгээр баривчлах асуудлыг ч шийднэ. Өсвөр насны хүн холбогдсон хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хуульд шинээр орсон нэг зохицуулалт бий. Тухайлбал, өсвөр насны хүний хэргийг шийдвэрлээд ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, тодорхой хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч засарч хүмүүжсэн бол шүүх дахин хэлэлцэж, ялаас чөлөөлөх, засарч хүмүүжээгүй бол хуульд заасан ял оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ.
-2024 онд 1,675 насанд хүрээгүй хүн гэмт хэрэгт холбогдож, 209 нь шүүхээр ял шийтгүүлсэн гэсэн статистик байсан. Өсвөр насны хүүхдүүд ямар төрлийн хэрэгт хамгийн их холбогдож байна вэ?
-Практикаас харахад өсвөр насны хүүхдүүд бүх төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Өмнө нь Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байгаа хүүхдүүдийг хугацаанаас өмнө суллах асуудлыг шийдвэрлэж байхад хүүхдүүд ихэвчлэн бэлгийн хүчирхийллийн хэрэг, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт холбогдон хорих ял эдэлж байсан. Цөөн тохиолдолд залилах, дээрэмдэх гэмт хэрэгт холбогдсон. Зөрчлийн хувьд дийлэнх нь мансуурч байна. Зөвхөн хар тамхи ч биш газ үнэрлэж мансуурах тохиолдол их бий. Мөн хулгайлах, хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр халдах зөрчил гаргадаг. Түүнчлэн тэд гэмт хэргийг дангаараа гэхээс илүү бүлэглэн үйлдэх нь их байна. Хүүхдүүд бие биенээ уруу татах, бүлэглэн дээрэмдэх, хулгайлах, залилах хэрэг үйлдэж байгаа тохиолдлууд байна.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дээд ашиг сонирхлыг хангаж, ялаас чөлөөлөх байтал ял тохиролцоод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирдэг. Энэ нь хүүхдийнхээ дээд ашиг сонирхлыг хангахгүй шийдвэр гаргаж байна гэсэн үг.
Н.Одонтуул
-Гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүд ямар хариуцлага хүлээх, ямар эрхтэй болохоо сайн мэддэггүй юм шиг санагддаг. Энэ тал дээр бодитоор ямар асуудал тулгардаг вэ?
-Насанд хүрэгчид эрх ашгаа хамгаалахын тулд өмгөөлөгч авч, хохирлоо төлж, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бүх нөхцөлийг хангаж, хөнгөн ял авах эсвэл ялаас чөлөөлөгдөхөөр тохиролцоод ирдэг. Гэтэл практикт хүүхэд өөрийн ашиг сонирхлыг бүрэн хамгаалж чадахгүй, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар асран хамгаалагч, харгалзан дэмжигч юм уу, төрсөн эцэг эх нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцдог. Тэд хүүхдийнхээ дээд ашиг сонирхлыг хангаж, ялаас чөлөөлөх байтал ял тохиролцоод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирдэг. Энэ нь хүүхдийнхээ дээд ашиг сонирхлыг хангахгүй шийдвэр гаргаж байна гэсэн үг.
-Хорихоос суллагдаж буй өсвөр насны хүүхдүүд цаашид нийгэмд хэрхэн амьдрахаа мэдэхгүй байгаа талаар нийтлэл саяхан уншсан юм. Ер нь хорих ял эдлээд гарсан хүүхдийг нийгэмд дасан зохицуулах ажил хангалттай хийгдэж байна уу?
-Хуучнаар хүүхдийн хорих гэж нэрлэдэг, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 411 дүгээр анги буюу Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага гэж бий. Тэнд хорих ял шийтгэгдсэн хүүхдүүд ял эдэлдэг. 2016-2025 онд миний бие Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллах хугацаанд тус ангид очиж хугацааны өмнө суллах, өршөөлд хамруулах зэрэг асуудлыг шийдвэрлэж байсан. Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүүхэд гэртээ очсоны дараа түүнийг нийгэмшүүлэх, хүмүүжилд нь анхаарах, эрх ашгийг нь хангаж сургуульд оруулах, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх үүргийг асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эцэг эх нь хүлээдэг. Гэтэл энэ үүргээ биелүүлдэггүй.
-Хүүхэд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгааныг гэр бүлийн орчинтой холбон тайлбарлах нь бий. Энэ хэр бодитой вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эцэг эх үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Мөн гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх үүрэгтэй. Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж буй хүүхдийн дийлэнх ар гэрт эцэг эх нь салсан, гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Эсвэл эцэг эх нь нас барж, эмээ, өвөөтэйгөө амьдардаг, бүтэн өнчин, асрамжийн газарт байсан хүүхдүүд ч бий. Эцэг эх нь гадаадад ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлийн бусад гишүүний хамт амьдарч байсан хүүхдүүд ч байна. Энэ тохиолдолд хүүхдүүд хараа хяналтгүй, хүмүүжилд нь анхаарал хандуулах хүн тэр бүр байхгүй гэсэн үг. Сургууль завсардсан хүүхдүүд бүлэглэн болон дангаараа хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч бий.
Хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй хохирогч болгосон тохиолдол байна. Тухайлбал, төрсөн эх нь охиноо дагуулж, бусадтай архидан согтуурч байгаад бэлгийн хүчирхийллийн хохирогч болгосон. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд тэр ээж өөр газар очиж дахин архидан согтуурч байгаад охин нь хоёр дахь удаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон харамсалтай тохиолдол бий.
Эцэг эх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй бол төр өмнөөс нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалж, асран хамгаалах үүрэг хүлээдэг.
-Өсвөр насны хүүхэд өөрөө хохирогч болсон хэрэгт, ялангуяа бэлгийн хүчирхийллийн хэрэгт түүнийг дахин дахин мэдүүлэг өгөх дарамтаас хэрхэн хамгаалж байна вэ?
-Манай шүүх хүүхэд хохирогч болсон хэргийг шийдвэрлэхгүй. Гэхдээ практикт хүүхэд хохирогч болсон хэрэг, ялангуяа гэр бүлийн хамаарал бүхий хүнийхээ бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол их байдаг. Хүүхэд бэлгийн хүчирхийллийн болон эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийн хохирогч болдог. Мөрдөн шалгах ажиллагаанд, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд, шүүхийн хэлэлцүүлэгт хүүхдээс удаа дараа мэдүүлэг авах нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж байна. Ингэснээр хүүхдэд гэмт хэргийн хохирогч болсон шархыг дахин сэдрээж, сэтгэл санаа, бие махбодид нь учирсан хохирлыг дахин бодитоор мэдрэх хэцүү нөхцөл байдалд ордог. Иймд бид практикт хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй аргыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдээс дээд тал нь хоёр удаа мэдүүлэг авч шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл дахин дахин мэдүүлэг авахгүйгээр эрх ашгийг нь хамгаалж шийдвэрлэдэг практик тогтсон. 2016 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй арга хэрэглэх талаар тасралтгүй сургалт явагдаж байна. Манай шүүхийн 12 шүүгч өнгөрөгч 10 дугаар сард Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн академиас зохион байгуулсан гэр бүлийн маргаан, гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, өсвөр насны хүний үйлдсэн хэрэг маргаан шийдвэрлэх талаарх сургалтад хамрагдсан.