Засгийн газраас “100 000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 он хүртэл хэрэгжүүлж гэр хорооллын айл өрхийн газрыг чөлөөлж, 50 000 айлын янданг бууруулна хэмээн танилцуулсан. Тэгвэл нөгөө талд ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Жилд олгодог 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25000 хүргэнэ гэдгийг салбар яамнаас мэдэгдсэн. Ирэх 2027 оноос хувийн хэвшилтэй хамтран 1.8 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, шинээр 16 000 өрхийг зээлд хамруулна. Ипотекийн хөтөлбөрийг шинэчилнэ гэж сүүлийн гурав, дөрвөн Засгийн газар хэлж байгаа ч хэрэгжүүлж эхлээгүй байна. Тэгвэл Н.Учралын Засгийн газар ипотекийн хөтөлбөрийг хоёр хувилбараар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Нэгд, 20 жилийн хугацаатай зээлийн эхний гурван жилийг 6 хувь, дараагийн 17 жилийг 12 хувийн хүүтэй олгох. Энэ нь хувийн хэвшлийн барьж байгаа орон сууцад хамаарна. Хоёрт, бүсчлэлээс шалтгаалж хүүгийн шатлалтай болгож 6-12 хувийн хүүтэй байх. Хотын төвөөс алслагдсан байх тусмаа 6 хувийн ипотекийн орон сууцад хамрагдах боломжтой болно гэсэн үг.