НЦУГ, Хар тамхитай тэмцэх газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Мөрдөн байцаах алба өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж: Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 518 холбогдогчтой, 455 гэмт хэргийг илрүүлсэн. Мөн 134,825 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний мансууруулах бодисыг хураан авч, 6.6 тэрбум төгрөгийн зах зээлийг таслан зогсоосон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн хэрэг 1.8 дахин, холбогдогчийн тоо 1.4 дахин, хураан авсан бодисын хэмжээ 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр гэмт хэргийг иргэдийн мэдээлэл, гомдлын дагуу бус, харин алба хаагчид өөрсдөө илрүүлж, мөрдөн шалгаж байгаагаараа онцлогтой. Бид Интерполын шугамаар 40 хүнийг эрэн сурвалжлуулахаар зарласан. Энэ оны байдлаар 20 этгээдийг байгаа улсад нь илрүүлж, Монгол Улсад авчрах асуудлыг зохион байгуулан ажиллаж байна.Одоогоор Монгол Улсын 43 иргэн гадаад улсад ял эдэлж байна. Тодруулбал, БНХАУ-д 29, БНСУ-д найм, Герман улсад хоёр, ОХУ, Япон, Вьетнам, Турк улсад тус бүр нэг иргэн ял эдэлж байгаа юм. Бид нийт 238 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, давхардсан тоогоор 10.5 сая хүнд урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж ажилласан. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 85 хувийг 18-35 насныхан эзэлж байна. Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид хураан авсан бодисоо цааш нь нийлүүлэх, өөрсдөө ашиглах зэрэг асуудал нэг ч удаа бүртгэгдээгүй. Түүнчлэн хураан авсан бодисыг ашиглах ямар ч боломжгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар устгалын ажлыг зохион байгуулдаг.