УИХ дахь Ардчилсан намын бүлгээс пүрэв гараг бүр хийдэг 4:11 хэвлэлийн хурлаа хийлээ Өнөөдрийн хуралд АН-ын дарга О.Цогтгэрэл, бүлгийн дарга Б.Түвшин, Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов.АН-аас Оюу толгойн ногдол ашиг бус нэг удаагийн төлбөр авч магадгүй, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрөнгө орлоготой холбоотой асуудалдаа цэг тавьж, УИХ тайлан тавих ёстой гэсэн асуудлуудаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлыг тойрч улсаараа хэрэлдэж байна. Хөшигний ард маш олон асуултын тэмдэг байна. Яг үнэндээ 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдэг дээр Засгийн газар хариулт өгөх ёстой. Энэ мөнгийг жил бүр авах байр суурийг хөрөнгө оруулагч талаас илэрхийлсэн үү гэдгийг тодотгох хэрэгтэй байна. Яг одоо авч байгаа мэдээллийг нэгтгэн дүгнэхэд "Рио Тинто" групп албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Нэг удаагийн төлбөр Монгол Улсын Засгийн газарт өгөхөөр санал болгосон байх магадлалтай. Хэрэв нэг удаагийн төлбөр бол үүний цаана Оюутолгой ордын 30 хувьтай тэнцэх хэмжээний нөөцтэй "Онтрэ"-гийн тусгай зөвшөөрөлтэй баялаг бүхий ордыг наймаалцсан гэх асуудлыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч талаас одоог хүртэл албан ёсны байр сууриа илэрхийлж, вэб сайтаараа Монголын талд ногдол ашиг өгнө гэж нэг ч үг, өгүүлбэр хэлээгүй байна. "Онтрэ"-тэй холбоотой хэлэлцээрийн түвшин ахиж байгаа гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр та бүхнийг энэ асуудалд илүү анхаарал хандуулахыг хүсч байна. УИХ дахь АН-ын зүгээс энэ асуудалд нэгдсэн байр сууриа нэгтгээгүй байгаа. Ер нь дэлхий нийтээрээ байгалийн баялгийг ард иргэддээ хүртээх ёстой бол Баялгийн сангаараа дамжуулан хувьцаа болж очдог, хуримтлуулдаг болсон. Ардчилсан намын хувьд Баялгийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн байгаа. Ер нь авлигажсан төсөл, төсвийг санхүүжүүлэх гэж байсныг АН-ын бүлгээс зогсоож, УИХ-аар хууль хэлэлцүүлэхээр болсон нь сайшаалтай.