Байр суурь: Төв банкны алдагдлыг бондоор санхүүжүүлэх нь зөв үү
Монголбанкны 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлыг хэн, хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал маргаан дагуулж байна. Төв банк алдагдлаа нөхөхийн тулд жил бүр 1.5 их наяд төгрөгийн, 25 жилийн хугацаатай тусгай үнэт цаас гаргах санал дэвшүүлжээ. Монголбанкны хувьд эхний таван жил хүү болон үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх тул 2032 он хүртэл төсвөөс зардал гарахгүй, дараа нь жилд 0.5 их наяд орчим төгрөг гарна гэж тооцоолжээ. Түүнчлэн арга хэмжээ авахгүй бол алдагдал 2030 онд 10 их наяд төгрөгт хүрч болзошгүйг ч анхааруулж буй юм. Харин Сангийн сайд болон УИХ-ын зарим гишүүн энэ саналыг ихээхэн шүүмжилж, хэрэгжүүлэх боломжгүй хэмээн мэдэгдэж байна. Тэгвэл энэ асуудлаарх эдийн засагч, салбарын төлөөлөл, улстөрчдийн байр суурийг хүргэе.
Алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг учир дутагдалтай
А.Батпүрэв
АН-ын Нарийн бичгийн дарга А.Батпүрэв: Төв банкны тухай хуульд Монголбанкны алдагдлыг Засгийн газрын бондоор нөхөх бол УИХ-аар хэлэлцэж батална гэсэн ерөнхий заалт бий. Гэхдээ үүнд хэд хэдэн асуудал байна. Төв банк бол арилжааны банк эсвэл төрийн өмчит компани ч биш. Мөнгөний бодлого хэрэгжүүлэх, тэр тусмаа зах зээлд мөнгө нийлүүлэх онцгой эрхтэй байгууллага. Тиймээс ашиг, алдагдал гэдэг өөрөө харьцангуй ойлголт. Төв банк ашигтай ажиллалаа гээд яах вэ, алдагдалтай ажиллалаа гээд яах вэ гэсэн асуулт гарна. Одоо 2012 оноос хойш төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулснаас болж алдагдал хуримтлагдсан гэсэн буруу тайлбар яваад байна. Гэтэл алдагдлын бүтцийг харвал дийлэнх нь Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал байгаа. Энэ бол төсвийн шинжтэй үйл ажиллагаа биш. Төв банкны өөрийнх нь хийх ёстой ажил. Бид бодлогын хүүг 12.5 хувь болголоо гэж ярьдаг. Энэ нь Төв банкны үнэт цаасыг худалдаж авсных нь төлөө арилжааны банкуудад төлж буй хүүгийн зардал юм. Үүнээс үүссэн алдагдал нь сүүлийн 10 жилд хуримтлагдсан алдагдлын дийлэнх хэсэг бөгөөд бодлогын зардал гэсэн үг. Төв банк үнийн өсөлтийг хязгаарлах, зах зээлд эргэлдэж буй мөнгийг багасгах зорилгоор үнэт цаас гаргаж, арилжааны банкуудын сул чөлөөтэй мөнгийг өөр дээрээ татдаг. Үүний төлөө хүү төлдөг. Үүнийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг нь учир дутагдалтай.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Хоёрдугаарт: Ингэж их зардал гаргаж, алдагдал хүлээж, үнэт цаас гаргасны үр дүн юу вэ гэсэн асуулт бий. Одоо инфляц хяналтаас гараад байна. Жил бүр Мөнгөний бодлогыг өргөн барихад Төв банк ирэх онд 6±2 хувь гэх мэтээр, худлаа ч гэсэн тодорхой тоо хэлдэг байсан. Гэтэл ирэх оны Мөнгөний бодлогод ийм зорилт ч алга, зүгээр л дунд хугацааны зорилт тавьчихсан байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого үндсэн зорилгодоо үйлчлэхгүй байна. Харин хийсвэр алдагдлыг Засгийн газрын үнэт цаасаар нөхөх эсэх гэсэн шал өөр сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна.
Алдагдлын учир шалтгаан, үр дүн нь юу вэ, заавал татвар төлөгчдийн мөнгөөр төлөхийн ач холбогдол юу вэ гэдгийг ярих ёстой. Эцсийн дүндээ хийсвэр алдагдлын тухай маргах биш Төв банкны үндсэн үүрэг болох үнийн тогтвортой байдлын тухай ярих учиртай.
Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан гэж ярьж байна. Төсвөөр хийж болох ажилд оролцож ирсэн нь үнэн, үүнийг хязгаарлах ёстой нь ч зөв. Гэхдээ алдагдал үүнээс болж үүсээгүй. Гол шалтгаан нь арилжааны банкуудын худалдаж авдаг Төв банкны үнэт цаасны зардал. Үнийн өсөлтөө хазаарлаж чадаагүй атлаа энэ алдагдлыг дахин татвар төлөгчдийн мөнгө буюу Засгийн газрын бондоор нөхнө гэдэг нь зах зээлд жирийн үйл ажиллагаа явуулж буй татвар төлөгчдийг хоёр дахин торгож байгаатай адил.
Улс төрийн амлалтаас үүдсэн алдагдлыг зогсоох ёстой
Р.Шинэгэрэл
Эдийн засагч Р.Шинэгэрэл: Юуны түрүүнд Төв банкны үүргийг Засгийн газрын үүргээс салгах ёстой. Засгийн газрын зарим үүргийг гүйцэтгэснээс болж Төв банкинд их хэмжээний алдагдал үүссэн гэж үзэж байна. Тиймээс Засгийн газар нь өөрийн ажлаа, Төв банк нь өөрийн үүргээ гүйцэтгэх чиглэлийн өөрчлөлт оруулах шаардлагатай. Нөгөө талаас, үнэ, ханшийн өсөлтийг зохицуулах зорилтын хүрээнд ч нэлээд их алдагдал үүссэн. Өнөөдөр Засгийн газар инфляцын асуудлаар хуулиар ямар нэг үүрэг хүлээж байгаа. Гэтэл нийлүүлэлтийн гаралтай инфляц сүүлийн жилүүдэд, ялангуяа энэ онд маш ихээр нэмэгдсэн нь цэвэр Засгийн газрын бодлогын алдаа. Хойд хөршид дайн эхлээд 4-5 жил болж байна. Бид бензин, шатахууныг ганцхан улсаас авдаг. Сүүлийн хэдэн сард ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдэд дрон дайралт болсонтой холбоотойгоор нийлүүлэлтийн ноцтой асуудал үүссэн. Гэтэл бидэнд бэлэн байдалд хэрэглэх нөөц байгаагүй. Өөр улсаас шатахуун татах гэтэл богино хугацаанд татаж авах дэд бүтэц, зам, шилжүүлэн ачих хилийн гааль ч байгаагүй. Монголчуудын хэлдгээр ниргэсэн хойно нь хашгирч, бензиний дараалалд зогсож, улмаар бусад бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэх асуудал үүслээ. Тиймээс эдгээрийг бодлогын хүрээнд яаралтай ялгаж, салгаж шийдвэрлэх шаардлагатай.
Хамгийн том алдагдал нь ипотекийн зээлийн санхүүжилтээс үүссэн. Хэрэв эндээс бодит алдагдал үүссэн бол орон сууц авч буй иргэдэд хямдрал, өгөөжөө өгч чадсан уу гэдгийг сайтар судалж, үр дүнг нь хэмжих ёстой. Миний харж байгаагаар алдагдлын ихэнх нь үнэ тогтворжуулах хөтөлбөр болон ипотекийн зээлээс үүссэн. Үр дүнг нь одоо шууд хэлэх боломжгүй, бодлогын судалгаа хийх шаардлагатай. Хэрэгжүүлсэн бодлого зөв байсан уу, үр дүн нь ямар байв, цаашид ийм алдагдлыг яах ёстой вэ гэдэгт томоохон суурь судалгаа хийж байж хариулах ёстой.Алдагдал Монголбанкны хийх ёстой ажлаас үүссэн үү, эсвэл Засгийн газрын зарим чиг үүргийг хамтран хэрэгжүүлснээс үүссэн үү гэдгийг тодруулах ёстой. Монголбанкны үндсэн үйл ажиллагаанаас үүссэн хэсэг нь зарим улсад байж болдог зүйл. Харин Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлж, улс төрийн амлалт биелүүлэхэд чиглэснээс үүссэн алдагдал бол яаралтай зогсоож, цаашид ийм алдаа гаргахгүй байх ёстой.
Төв банкны алдагдлыг төлөх зөв цаг нь одоо. Алдагдлыг нөхвөл иргэн хожно
Л.Амар
Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар: Засгийн газрын шинжтэй ийм зардлыг төсвөөсөө санхүүжүүлэх боломжийг Төв банкны тухай хуульд тусгасан байдаг. Алдагдал гэж нэрлээгүй, зөрүү гэж заасан бөгөөд үүнийг төсвөөс нөхөж санхүүжүүлэх эсэхийг УИХ шийднэ. Тэгэхээр Төв банк батлагдсан хуулийн дагуу шаардлага тавьж байна. Санхүүжүүлэх эсэхийг УИХ шийдэх болно. Миний хувьд төсвийн орлого ийм их, зардал нь ч маш ихээр нэмэгдэх гэж байгаа энэ үед Төв банкны үүссэн алдагдлыг төлөх зөв цаг нь гэж бодож байна. Эндээс арилжааны банк хожих зүйл огт байхгүй. Яагаад ийм өнцгөөс хандаж байгааг ойлгосонгүй. Харин иргэд хожно. Засгийн газар төсвөөс маш их хэмжээний зардал гаргах гэж байгаа нь цэвэр инфляц болж, иргэдийн халааснаас гарна. Гэтэл тэр мөнгийг төсвийн зарлага болгон зах зээлд нийлүүлэхийн оронд Төв банкны алдагдалд өгвөл инфляц үүсгэхгүй. Энэ утгаараа Монгол Улсад хэрэгтэй, иргэдийн амьжиргааг дэмжих чухал асуудал гэж харж байна.
Инфляц одоо ч өндөр байгаа. Энэ хэмжээний төсвийн зарлага гаргавал ирэх онд инфляц маш өндөр байх шинжтэй. Дайн болон олон улсын нөхцөл байдал амархан шийдэгдэхгүй. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдэгдсэнээр, нефть, шатахууны хямрал ирэх оны турш үргэлжилнэ. Хувцасны материалын дийлэнхийг нефтээр хийдэг тул хувцасны үнэ нэмэгдэнэ. Бордоо болон хүнсний үнэ ч өснө. Нийлүүлэлтийн шинжтэй ийм дарамт байхад төсвийн зардлыг ийм ихээр нэмэгдүүлэх нь гал дээр тос нэмэхтэй адил. Тиймээс зарим хэсгээр нь Төв банкны алдагдлыг хаая гэсэн зөв санаачилгыг дэмжихээс өөр арга алга. УИХ, Засгийн газрын өргөн барьсан энэ төсөв ингээд батлагдвал ирэх жил маш хүнд болно. Бид бүхний амьдрал хүнд байх нь зайлшгүй болчихлоо. Би буруугүй ч гэсэн тэдний өмнөөс эмгэнэл илэрхийлмээр санагдаж байна.
Төв банкийг алдагдалгүй болгоно гээд төсөвт дарамт авчрах юм бол нөхцөл байдал улам хүндэрнэ
З.Нарантуяа
АН-ын дэргэдэх Төсөв, санхүү, бүтээмжийн бодлогын зөвлөлийн ахлагч З.Нарантуяа: Төв банкны алдагдлыг төсвөөс хаах асуудалд маш мэргэжлийн өнцгөөс хандах ёстой. Юуны түрүүнд Төв банк гэдэг институц ямар зорилготой вэ гэдгийг ойлгох нь чухал. Төв банкны тухай хуульд зааснаар түүний үндсэн зорилго нь төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах явдал. Нэг ёсондоо иргэдийн халаасанд байгаа төгрөг бараа, бүтээгдэхүүн худалдаж авах чадвартай байхын төлөө, нийтийн сайн сайхны төлөө ажилладаг институц. Бизнесийн байгууллага шиг хөрөнгө оруулагчиддаа ашиг олж өгөх зорилготой биш. Төв банкны бодлогын үйл ажиллагааны зардал тэнцэлд нь алдагдал болж бичигддэг. Тэгэхээр хэд хэдэн асуулт байна.
Нэгд: Төсвөөс хаахгүй бол болохгүй тийм хэцүү асуудал мөн үү?
Хоёрт: Төв банкны алдагдал буюу өөрийн хөрөнгийн дутууг өнөө маргаашгүй нөхөх зайлшгүй шаардлага байна уу? Үүнгүйгээр Төв банк цаашид үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон уу гэдийг Сангийн яам, Төв банк хамтран сууж, Мөнгөний бодлогын орон зайг хадгалсан, төсөвт дарамт учруулахгүй оновчтой байдлаар шийдвэрлэх хэрэгтэй. Нэг үгээр, мөнгөний болон төсвийн бодлогын тэнцвэрийг хангасан шийдэл байх ёстой.
6.9 их наяд төгрөгийн алдагдлын задаргааг харвал хамгийн их хэсэг нь Төв банкны үнэт цаасны хүүгийн төлбөр байна. Төсвийн тэлэлт эсвэл төрийн өмчит компаниудын санхүүжилт банкны бус сувгаар зах зээлд гарахаар төгрөг олширдог. Түүнийг буцааж татахын тулд Төв банк мөнгөний бодлогын хэрэгсэл болох үнэт цаас гаргадаг. Зах зээл дээрх илүүдэл мөнгийг татаж авсны зардал нь алдагдлын бараг 60 хувийг эзэлж байна.Ипотекийн буюу орон сууцны санхүүжилт нь Төв банкны балансаас гарсан бодлогын шинжтэй санхүүжилт мөн. Гэхдээ ийм арга хэмжээг эдийн засгийн хямралын үед, тухайлбал ковидын үед эсвэл 2010-2011 оны санхүүгийн зах зээлийн хямралын үед авбал олон улсын төв банкны практикт хүлээн зөвшөөрөгддөг. Өнөөдрийн 6.9 их наядад тэр үеийн санхүүжилтийн эзлэх хувь бага, учир нь аль хэдийн багассан.
Алдагдлын хамгийн их хэсгийг Төв банкны үнэт цаасны зардал болон ханшийн зөрүүний алдагдал эзэлж байна. Өнөөдрийн нөхцөлд бусад улсын төв банкууд бүгд ийм асуудалтай нүүр тулж байна. Тэд хэрхэн шийдэж байгааг болон олон улсын чиг хандлагыг мэргэжлийн түвшинд харьцуулж, ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй. Зөвхөн Төв банкийг алдагдалгүй болгоно гээд төсөвт дарамт авчрах юм бол төсөв улам хүндэрнэ. Төсөв аль хэдийн дарамттай байгаа энэ үед сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш. Тиймээс Сангийн яамны илэрхийлж буй байр суурь нэг талаараа зөв.