Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Оюу толгойн төслөөс орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн хуваарилах асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх даваа гарагт Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарт Оюу толгойн ногдол ашгийг иргэд бэлнээр дансандаа авах саналыг хүндэтгэж, байгалийн баялгийн үр шимийг тухай бүрд нь олгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, Засгийн газарт чиглэл өгсөн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газар танхимаараа хуралдаж, Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжээгүй. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн зарчмын байр сууринд хүрсэн гэж Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэв.Шадар сайд Т.Доржханд: Алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгчээр Оюу толгойн ногдол ашгийг авна гэх сургаар инфляц өсөж, иргэдийн бодит орлого авах мөнгөнөөсөө илүү үнийн өсөлтөд нэрвэгдэх эрсдэлтэй. Үүнийг аль ч эдийн засагч хэлнэ. Бүгд л улс эх орондоо хэрэгтэй байлгүй дээ. Бид популизмыг сөрөх хэрэгтэй байна. Үнэн бодит байдлыг зоригтой хэлж ярих нь зүйтэй. Тиймээс Засгийн газрын байр суурь өнөөдөр хэвээрээ байгааг хэлье. Ногдол ашгийн мөнгөө Хуримтлалын сандаа хуримтлуулна. Ингэснээр иргэд өгөөжөө жигд хүртэх боломжтой болно. Энэ боломж хуулийн дагуу 2030 оноос нээгдэнэ. Түүнээс биш өнөөдөр хэрэглээг дэмжсэн аливаа популист амлалт, мөнгө тараалт эргээд маш их хохирол дагуулдаг. Засгийн газар өнөөдөр хэлэлцээд байр сууриа нэгтгэсэн. Ерөнхийлөгчийн байр суурийг иргэддээ хуримтлал хэлбэрээр олгох нь зөв гэсэн утгаар ойлгосон. Засгийн газрын байр суурь бол бэлэн мөнгө тараахгүй, Хуримтлалын сандаа төвлөрүүлнэ.