Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймэрт өртсөн ан амьтдыг өвс тэжээлээр хангах зорилгоор Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Тэрээр "Одоогоос 20 орчим хоногийн өмнө Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг ид ажиллаж байна. Ажлын хэсэг ажиллах явцад богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд гарч ирсэн. Түймрийн улмаас 468 га газар нутаг шатсан. Шатаагүй үлдсэн багахан газарт ан амьтдын нягтаршил нэлээд өндөр байгааг судалгааны баг танилцуулсан. Цаг агаарын мэдээгээр ойрын үед цас орох төлөвтэй байна. Үүнээс болон идэш тэжээлийн хомсдолоос урьдчилан сэргийлэхийн тулд Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргахаар шийдвэрлэлээ.
Томоохон туурайтан хөхтөн амьтан нийт 14 мянга орчим байх боломжтой гэсэн судалгаа гарсан. Үүнд үндэслэн биотехникийн арга хэмжээгээ уялдуулж, төсөв санхүүг тооцсон. Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт энэ арга хэмжээг яаралтай зохион байгуулж хэрэгжүүлэхийг даалгасан Засгийн газрын тогтоол гарсан. Дорнод, Сүхбаатар аймагт өвс тэжээл бэлтгэсэн иргэн, аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн өвс тэжээлийн аж ахуйн нэгжүүд байна. Тиймээс эдгээр бүс нутагт машин техникийн цэг яаралтай байгуулж, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран, цаашлаад гүн рүү 7 цэгт өвс тэжээл тавих биотехникийн арга хэмжээ авах зураглалыг гаргаад байна.
Нөмрөгт ажилласан 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хээрийн судалгаа дуусч, Улаанбаатар хотод ирсэн. Эхний ажлын тайлангаа яамны удирдлагуудад танилцуулаад байна. Хохирлын эцсийн үнэлгээг 11 дүгээр сарын 16-ны дотор гаргасан байх ёстой тул нэлээд давчуу хугацаанд ажиллаж байна. Мэргэжлийн шинжээч, судлаачдын багийг хөндлөнгийн ямар нэгэн нөлөөгүйгээр ажиллах нөхцөлөөр хангахад салбарын яам анхаарч байгаа. Шинжээчид ойрын хугацаанд лабораторийн болон газар дээрх судалгаагаа баримтжуулна. Нөгөө талаар түймрийн дараах арга хэмжээний төлөвлөгөө, түүнд шаардагдах төсөв санхүү, мөн түймэр унтраахад гарсан зардлыг тооцож, нэгдсэн хор хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна.