Монгол Улсын 3.4 сая орчим иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Энэ нь компанийн нийт хувьцааны 26.43 хувийг эзэлдэг. Тэгвэл Н.Учралын Засгийн газар тус компанийг нээлттэй компани болгож, бирж дээр бүртгүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан. Ингэснээр хувьцаа эзэмшигч нар хувьцаагаа зарах, худалдан авах боломжтой болох юм. Гэхдээ 1072 хувьцааны 20 хувийг худалдах хэмжээ тогтоожээ. 2010 онд иргэдэд хувьцаа тараахад нэг хувьцааг 933 төгрөгөөр тооцож 1072 ширхэг хувьцаа нэг сая төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөгийн үнэ цэнээр 3 сая төгрөг болсон талаар Ерөнхий сайд Н.Учрал сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2010 онд 15 тэрбум ширхэг хувьцаа гаргаж байсан. Үүний 73.51 хувь буюу 8.8 тэрбум ширхэг хувьцаа нь төрийн мэдэлд бий. Харин 26.43 хувь буюу 3.1 тэрбум ширхэг хувьцааг 3.4 сая иргэн эзэмшдэг бол 488 аж ахуйн нэгж тус компанийн долоон сая ширхэг хувьцаатай байна. 15 тэрбум ширхэг хувьцааны гурван тэрбумыг гаргаагүй буюу хэн нэгэнд эзэмшүүлээгүй үлдээсэн. Тэгэхээр зах зээлийн арилжаа эхэлбэл иргэд болон аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанууд эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болно.