Иргэн Х.Оюунбилэг өнгөрсөн сарын 23-нд буюу 10 хоногийн өмнө Оюу толгойн ашиг болох 3 их наяд төгрөгөөс иргэн бүрд 857,000 төгрөгийг хувийн дансанд нь шилжүүлж өгөх тухай нийтийн цахим өргөдөл санаачилсан. Уг өргөдөлд өнөөдрийн байдлаар нийт 100,132 хүн гарын үсэг зураад байна. Ийнхүү хуулийн дагуу УИХ тус асуудлыг авч хэлэлцэн, хуулийн төсөл боловсруулах боломжтой боллоо. Хэрэв УИХ-аар энэхүү санал дэмжигдсэн тохиолдолд иргэд ногдол ашгаа дансандаа авах боломж бүрдэх аж.
Тэгвэл УИХ үүнийг хэзээ хэлэлцэх талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Хугацаанаасаа өмнө 100 мянган гарын үсэг зурчихсан байгаа учраас бид хуулийн дагуу УИХ-ын даргад танилцуулна. УИХ-ын дарга чуулганы индрээс аль байнгын хороонд хуваарилахаар зарлана. Ингээд хуваарилагдсан байнгын хороо энэ асуудлыг хамтарч хэлэлцэнэ. Одоогоор Байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооноос танилцуулгыг бэлдэх шатанд байна. Харин иргэн О.Батхүүгийн санаачилсан гараашийн 1 хувийн татварыг цуцалья гэсэн саналын тухайд Dparlament дээр өргөдөл нь явж байгаа. Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын ezasag.mn дээр ч санал авч байна. Засгийн газар дээр байгаа санал УИХ-ын асуудал биш учраас тэндэх санал 100 мянгад хүрвэл Засгийн газар асуудлаа шийдэх байх" гэв.