С.Наранцогт: Төв банкны алдагдлыг шийдэхгүй бол инфляцад ил, далд байдлаар нөлөөлж байна
Нийтэлсэн 51 минутын өмнө
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Монголбанкны долоон их наядын алдагдлыг Засгийн газраар үүрүүлэх гэж байна гэж Сангийн яамнаас мэдэгдсэн. Энэ алдагдлыг ер нь хэрхэн бууруулах юм бэ?
–Төсвийн алдагдлыг 1.5 их наядаар нэмэгдүүлэх юм байна, төсөвт ачаалал ирж магадгүй гэсэн ойлголтыг Сангийн сайдад өгсөн. Үүнээс болоод Сангийн сайд жаахан бухимдсан байна.
Мэдээж хэрэг, энэ асуудлыг Засгийн газрын тусгай бонд гаргаж шийддэг нь олон улсын жишиг. ОУВС-аас ч ийм зөвлөмж өгдөг. 2023 онд ийм зөвлөмж өгсөн бол 2026 оны наймдугаар сард үүнийг ингэж шийдэх нь зайлшгүй шаардлагатай гэсэн. Мэдээж төсвийн алдагдал үүсгэхгүйгээр бүртгэлийн аргаар шийдэх боломжтой. Бүр эрсдэлтэй байна гэвэл эрх зүйн аргаар томьёолж, тодотгоод шийдэж болно.
Ер нь Төв банкны алдагдлыг шийдэхгүй бол инфляцад ил, далд байдлаар нөлөөлдөг. Мөнгөний бодлого явуулах орон зайг хумих зэрэг нэлээд сөрөг үр дагавартай. Үүнийг шийдвэл таван жилийн дараа буюу 2032 оноос төсөвт бондын хүү, үндсэн төлбөрийг төлөхөд ачаалал үүсэхгүй. Улс орныхоо макро эдийн засгийн тэнцвэрийг зөв хадгалах шийдлийн талаар л ярьж байгаа юм.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
–Монголбанкны долоон их наядын алдагдал юунаас бий болсон бэ. Хүүгийн зардал 74 хувийг эзэлж байна гэж байгаа. Гэтэл нөгөө талдаа инфляц буурахгүй, өсөөд байна шүү дээ?
–2012 оноос эхэлсэн төсвийн шинжтэй санхүүжилтэд нийт 15.7 их наяд төгрөг зарцуулсан байгаа. Цэвэр дүнгээрээ 5.4 их наяд төгрөг болж байгаа. Мөчлөг дагасан экспортын орлого манай эдийн засгийн бүтцээс улбаатайгаар эдийн засагт илүүдэл нөөц үүсгэсэн. Төв банк богино хугацааны дутагдлыг нөхөх зорилготой үнэт цаасаар урт хугацааны илүүдлийг татаж аваад байгаа нь хүүгийн зардлыг нэмэгдүүлж байна.
Төв банкнаас төлж байгаа хүүгийн талаас илүү хувь нь үнэт цаасны хүү байна. Дээр нь своп хэлцэл болон бусад хүүгийн зардлууд нийлээд 74 хувийг эзэлж байна.
–Хүүгийн зардал Төв банкны алдагдлын 74 хувийг эзэлж байна. Тэгвэл ирэх онд хэдий хэмжээний мөнгийг хүүгийн зардалд зарцуулах вэ? Алдагдал улам нэмэгдээд явах юм биш үү. Ер нь Сангийн яам Төв банкны алдагдлыг бууруулах бодлогыг дэмжихгүй байна. Сангийн яам, Төв банк хоёр ойлголцохгүй байхад алдагдлаа бууруулж чадах юм уу?
–Гол асуудал нь зөвхөн алдагдал бууруулах тухай ерөөсөө биш. Улсынхаа макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалж, маргаашийн эрсдэлийг бууруулах нэгдсэн арга хэмжээ юм. Яах вэ, бичилт дээр алдагдал нэмэгдэж магадгүй гэсэн болгоомжлол Сангийн яаманд байгаа. Бид үүнийг өмнө нь ярьж байсан. Одоо техникийн түвшинд ярилцаж, ойлголцоод нэг талдаа гаргаж болох ажил. Одоо байгаа хууль, дүрмийнхээ хүрээнд алдагдал үүсэхээр байна гэж Сангийн яам тооцож байгаа байх. Бидний анх хийсэн тооцоогоор алдагдалд нөлөөгүй байхаар байгаа. Би өнөөдөр /өчигдөр/ Сангийн сайдтай уулзана. Ер нь ойлголцлоо нэгтгээд явах боломжтой гэж үзэж байгаа.
–Тэтгэврийн зээлийг тэглэсэн нэг их наяд орчим төгрөг Төв банкны алдагдалд тооцогдож байгаа юу?
–“Эрдэнэс Монгол”-ын 870 тэрбум, Засгийн газар, Монголбанк хооронд үүссэн бусад өр төлбөр болох 1.5 их наяд төгрөг байгаа. Үүн дээр Засгийн газрын бонд гаргах асуудлыг давхар ярих ёстой.
–Монголбанк инфляцаа бууруулахын тулд бодлогын хүүгээ чангаруулж, хүүгийн татаас өгөөд байна. Гэтэл нөгөө талд инфляц өдөр өдрөөр өсөөд байна шүү дээ. Шалтгаан нь яг юундаа байгаа юм бэ?
–Дан ганц хүүг нэмэгдүүлснээр асуудлыг шийдэх боломжгүй. Дээр нь Төв банк дангаараа инфляцыг бууруулдаггүй. Уялдаа холбоотой хэд хэдэн асуудлыг шийдэх ёстой. Тиймээс Монголбанкны 2027 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд 17 арга хэмжээ бүхий багц шийдлийг оруулж ирсэн. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой багц шийдэл юм.
Түүнээс гадна эрх зүйн тодорхой шинэчлэл хийнэ. Энэ бүхэн нийлж байж дунд хугацаанд инфляц тогтворжино.
–Танай алдагдлын 18 хувийг Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцэл эзэлж байгаа юм билээ. Энэ өрийг хэзээнээс, хэрхэн төлөх вэ?
–Хүүг нь төлж байгаа. Мөн хүүгийн зардлыг янз бүрээр тооцож гаргаж байгаа. Нэгэнт аваад хэрэглэсэн мөнгийг төлөх ёстой. Анхнаасаа худалдааны платформ болгон ашиглах зорилготой хийгддэг зүйл. Энэ хүрээнд нь зөв зүйтэй ашиглах талаар хоёр тал ярилцаж, тохиролцоод явж байна.
–Инфляц бууруулах ажлаа Төв банк хэрхэн хийх вэ. Зогсолтгүй өсөж байна шүү дээ?
–Өнгөрсөн 15 жилийн хугацаанд инфляц зорилтот түвшинд ердөө тавхан удаа хүрсэн. Өөрөөр хэлбэл, 10 жилд нь зорилтот түвшнээс өндөр байсан гэсэн үг. Энэ нь суурь асуудлуудаа шийдэхгүй бол зөвхөн Төв банк мөнгөний бодлогоороо удирдаж чадахгүй гэдгийг харуулж байна.
Тиймээс 2027 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн 17 арга хэмжээнд инфляцыг ил, далд байдлаар бүрдүүлж байгаа зургаан сувгийг хаах шинэчлэлийг эхлүүлэх арга хэмжээнүүд багтсан. Эдгээр арга хэмжээг бүгдийг хэрэгжүүлж чадвал дунд болон урт хугацаанд инфляц зорилтот түвшинд хүрч, цаашдаа ийм асуудал дахин бий болохгүй, тогтвортой болно.
–Валютын ханш түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрлээ гэж байгаа ч өссөөр байна. Энэ юутай холбоотой вэ? Хэрхэн тогтворжуулах вэ?
–Валютын нөөц өнгөрсөн он жилүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой байгаа. Нэг талаараа инфляцтай уялдаж байгаа. Мөн гадаад нөхцөл байдал бидэнд дарамт бий болгож байна.
Гэхдээ энэ жил валютын ханш өнгөрсөн онуудтай харьцуулахад маш бага хэмжээгээр нэмэгдсэн. Өнгөрсөн онд валютын ханш 210 төгрөгөөр чангарсан бол энэ жил хоёр төгрөгийн хэмжээнд өөрчлөлт гарсан. Албан ханшид бол өөрчлөлт ороогүй байна. Бид долоо хоног бүр албан ханшаа тохируулж ажиллаж байгаа.
–Ирэх жил бондын эргэн төлөлт хийх ёстой. Гэхдээ Засгийн газар дахин санхүүжүүлэхээр төсөвт тусгаж оруулж ирсэн. Энэ нь валютын нөөцөд хэрхэн нөлөөлөх вэ?
–Бэлтгэл ажлыг хийж байгаа. Ер нь жил бүрийн нэгдүгээр улиралд Засгийн газар өрийн менежментээ хийдэг болоод хэвшчихлээ. Засгийн газар ирэх оны өрийн менежментийн бэлтгэл ажлаа одооноос хангаж байгаа.
Мөн банкууд өр төлөх учраас ерөнхий чиглэл өгч байгаа. Бидний үндсэн зорилго бол валютын нөөцөд нэг жилийн хугацаанд их хэмжээний дарамт учруулахгүй байх бодлогыг бүх түвшинд хэрэгжүүлэх юм.
–Танай дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа. Дараагийн хүнийг хэзээ оруулж ирэх вэ? Яригдаж байгаа хүн байна уу?
–Яг одоо нэр ус гарчихсан зүйл алга. Гэхдээ энэ намрын чуулгандаа багтаагаад оруулж ирнэ.