Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудаж уулзаад "Оюу толгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэд бэлнээр авах санаачилгыг гаргасан байна. Зарчмын хувьд иргэдийн бэлнээр авах хүсэлтийг хүндэтгэн, байгалийн баялгийн хуваарилтыг тухай бүрд нь иргэдэд олгоод явах нь чухал" гэдэг чиглэлийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү, буруу юу, ер нь хууль эрх зүйн хувьд боломжтой эсэх талаар гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабалаас байр суурийг нь тодрууллаа. Тэрээр "Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагчтай амжилттай яриа хэлэлцээр хийж, Оюу толгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Засгийн газар төсвийн төсөлдөө тусгаж оруулж ирсэн гурван их наядаасаа хоёр их наядыг нь бүтээн байгуулалтад, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг суурь дэд бүтцэд зарцуулахаар тусгаж, энэ талаараа ард нийтээс санал асуулга авсан. Үүнийг иргэдийн олонх дэмжээгүй учраас Засгийн газраас уг саналаа буцаан татсан. Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.2-ын А заалтын дагуу Оюу толгойгоос орж ирэх бүх ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх хууль эрх зүйн заалттай. Энэ хуулийнхаа дагуу зохицуулагдах журамтай. Хуримтлалын санд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрөх юм байна гэсэн төсөөлөлтэй байсан.