Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан 2 дахь компакт гэрээний хүрээнд дэвшилтэт технологи бүхий ус хангамжийн шинэ эх үүсвэр болох Баруун эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулсан. Арваннэгдүгээр сарын 2-ны өглөө эх үүсвэрээс ус дамжуулах ф700-1000мм голчтой 9 км шугамыг Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд холбож, 14 мянган шоо метр усыг өдөрт нийлүүлж эхэллээ.
Нийслэлчүүд хоногт дунджаар 190–210 мянган шоо метр ус хэрэглэдэг. Харин Баруун эх үүсвэр нь хоногт 130-144 мянган шоо метр ус нийлүүлэх хүчин чадалтай. Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд хамгийн том усан хангамжийн эх үүсвэр болж байна.

Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү "АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар баригдсан Улаанбаатар хотын усан хангамжийн Баруун эх үүсвэрийг төвлөрсөн системд холбож, өглөөний 10:00 цагаас ус нийлүүлж эхэллээ. Улаанбаатар хотын унд ахуйн усны хэрэглээг усны 10 эх үүсвэрээс хангадаг. Нийслэлийн иргэд хоногт дунджаар 190–210 мянган шоо метр ус хэрэглэдэг байсан бол шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор хоногт 350–360 мянган шоо метр ус нийлүүлэх инженерийн шийдэл бүрдсэн. Ингэснээр Улаанбаатарт 2050-2055 он хүртэл усны асуудал үүсэхгүй. Гүний усыг ашиглахын зэрэгцээ гадаргын усыг ашиглах "Туул усан цогцолбор" төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүлээлгэн өгсөн” гэлээ.