ХААН Банк Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-аас баталсан 300 сая ам.долларын санхүүжилтийн багцын хүрээнд 210 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ. Энэхүү санхүүжилт нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчид, залуу бизнес эрхлэгчид, орон нутаг болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалттай юм.
Тус санхүүжилтийн 130 сая ам.долларыг ОУСК өөрийн эх үүсвэрээс, 70 сая ам.долларыг Абу Дабигийн арилжааны банк (Abu Dhabi Commercial Bank, ADCB) болон Дубайн арилжааны банк (Commercial Bank of Dubai, CBD) олгосон бол нэмэлтээр 10 сая ам.долларыг ОУСК-ийн валютын эрсдэлийг удирдах своп хэлцлээс гаргажээ. Олон улсын арилжааны 2 банкны хувьд ОУСК-ийн синдикат зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт гэдгээрээ онцлог үйл явдал болж байна.
Түүнчлэн ОУСК нь Монголын арилжааны банканд анх удаагаа төгрөгийн санхүүжилт олгож байгаагаараа онцлог бөгөөд валют хоорондын своп хэлцлийн боломжийг давхар бүрдүүлснээр ХААН Банк гадаад эх үүсвэрээс үүдэх валютын ханшийн эрсдэлээ удирдаж, төгрөгөөр олгох урт хугацаат зээлийн санхүүжилтээ өргөжүүлэх боломжтой болж байна.
ХААН Банк энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийг бүхэлд нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд, ялангуяа эзэмшигч нь эмэгтэй, мөн залуу бизнес эрхлэгчид, орон нутгийн болон хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах юм. Ингэхдээ орон даяар хамгийн өргөн салбар нэгжийн сүлжээгээрээ дамжуулан бизнес эрхлэгчдэд энэхүү санхүүжилтийг хүртээмжтэй хүргэж, ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хувь нэмэр оруулахаар зорьж байна.