Монгол Улс Оюу толгойгоос хараахан аваагүй ногдол ашгаа хэрхэн, яаж зарцуулахаа хоёр сарын турш хэлэлцэв. Иргэд, мэргэжилтнүүд, бүр УИХ-ын гишүүд ч энэ мөнгийг яаж зарцуулах талаар санал бодлоо уралдууллаа. Төгсгөлд нь Засгийн газар хараахан аваагүй бялуугаа эхлээд хуваачхаад, дараа нь иргэдээс хэрхэн хуваахыг нь асууж, санал авсныхаа дараа бялуугаа буцаагаад хайрцагт нь хийчихлээ. Яг юу болсон бэ? Засгийн газар 2026 оны зургадугаар сарын 30-нд Оюу толгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах, ногдол ашгийн хуваарилалтыг наашлуулах чиглэлээр тохиролцсон. Улмаар есдүгээр сард Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах тохиролцоонд хүрч, 2027 оноос ногдол ашиг авахаар болсон юм. Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд Оюу толгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар тусгаж, үүний хоёр их наядаар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ аль төсөлд хэдэн төгрөг зарцуулахаа нарийвчлан тооцож, тусгай хуулийн төслийг 2027 оны төсөвтэй хамт өргөн барьсан юм. Тухайн үед ногдол ашгийн орлого бодитоор орж ирэх нь тодорхойгүй байхад зарцуулалтыг нь урьдчилан төлөвлөсөн гэх шүүмжлэл олон нийтийн дунд гарч байв. Энэхүү шүүмжлэлийн дараа Засгийн газар баялгийн эзэн иргэдээсээ ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар санал авахаар болж, аравдугаар сарын 14-нд санал асуулгыг эхлүүлэв. Уг санал асуулга иргэдийг чиглүүлсэн асуулттай байна хэмээн шүүмжлэлд өртсөн ч иргэд саналаа идэвхтэй өгч байв. Гэтэл санал асуулга дуусахаас тав хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 23-нд Засгийн газар ахиад л шийдвэрээ өөрчилж, хуулийн төслөө эргүүлэн татав. Тэд үүнийгээ иргэдийн саналд үндэслэн гаргаж байгаа шийдвэр хэмээн тайлбарлаж, ногдол ашгийг бүгдийг нь Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болсноо мэдэгдэв.