Төсөв: Ерөнхийлөн захирагчдын зардлыг ижил хувиар танасан нь тодотголоор эргэн нэмэгдэх эрсдэлтэй
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ) 2027 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр гарсан саналуудад дүгнэлт гаргажээ.
Зөвлөлийн үзэж байгаагаар УИХ-ын гишүүдийн саналаар шинээр нэмэгдсэн хөрөнгө оруулалтын төслүүдийн дийлэнх нь хуулийн шаардлага болон хөгжлийн бодлоготой нийцэхгүй байна. Түүнчлэн хэлэлцүүлгээр аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах дээд хэмжээг 300 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нь орон нутгийн өрийн хязгаарыг өсгөж, Засгийн газрын өрийн хэмжээнд нөлөөлөхөөр байгаа аж.
Саналуудын үндэслэл хангалтгүй, зарлагын хязгаар зөрчигдсөн хэвээр
Төсвийн байнгын хорооны 10 дугаар сарын 27-ны хуралдаанд гишүүд төсвийн орлого, зарлагыг өөрчлөх 278 санал гаргасан. Үүнээс 19 санал дэмжигдэж, 159 санал дэмжигдээгүй бөгөөд 82 саналыг гишүүд өөрсдөө татаж авсан. ТТБЗ үндэслэл, хуулийн шаардлагыг хангасан байдал хангалтгүй байгааг илтгэх үзүүлэлт гэж дүгнэжээ.
Нийт саналын 10 орчим хувь нь төсвийн шалгуур үзүүлэлт, орлого, хуулийн заалтыг сайжруулахад чиглэсэн байгаа нь зөв хандлага. Гэхдээ дийлэнх санал хөрөнгийн болон урсгал зардалтай холбоотой хэвээр байна. Хэлэлцүүлгээр орсон өөрчлөлтүүд Үндсэн хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан алдагдлын хязгаарыг хангаж, алдагдал ДНБ-ий 2.0 хувьд хэвээр байна. Нийт зарлага ч 22.5 хувиар өсөж байгаа нь хуульд заасан 13.1 хувийн хязгаараас давсан хэвээр байгааг харуулж байна.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Урсгал зардал 184.3 тэрбумаар буурсан ч өсөлт өндөр хэвээр
Хэлэлцүүлгээр урсгал зардлыг 1,328.8 тэрбум төгрөгөөр бууруулах санал гарснаас 517.4 тэрбум нь дэмжигдсэн. Ингэснээр урсгал зардал цэвэр дүнгээр 184.3 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд энэ нь Зөвлөлийн зөвлөмжид нийцэж байна. Зөвлөл үүнийг төсвийн хэлэлцүүлгийн явцад гарсан эерэг үр дүн гэж үзэв.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын цалин, тэтгэмжээс бусад зардлыг 6.5 хувиар танасан нь хамгийн их багассан үзүүлэлт боллоо. Үүнээс гадна Евразийн хөгжлийн банкны гишүүнчлэлийн хураамж 69.4 тэрбум, “Chromebook” худалдан авах хүүгийн татаас 30 тэрбум, авто замын сангийн зардал 20 тэрбум багассан. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 120.1 тэрбум, ерөнхий боловсролын сургуулийн 6,7 дугаар ангийн үдийн хоолны зардлыг 50 тэрбум төгрөгөөр нэмжээ. Бүх ерөнхийлөн захирагчийн зардлыг ижил хувиар танасан нь тэдний чиг үүргийн онцлогийг харгалзан үзээгүй тул тодотголоор эргэн нэмэгдэх эрсдэлтэй. Мөн 2027 онд урсгал зардал 28.3 хувиар өсөж, 33.4 их наяд төгрөгт хүрэхээр байгаа бөгөөд энэ нь ДНБ-ий 29 хувьтай тэнцэх үзүүлэлт. Орлогын төлөвлөгөө биелэхгүй тохиолдолд урсгал зардлыг танах боломж хязгаарлагдмал тул алдагдлын хязгаар зөрчигдөх эрсдэл өндөр байна.
167 шинэ төсөл хуулийн шаардлага, хөгжлийн бодлоготой нийцэхгүй
Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн саналаар шинээр нэмэгдэж буй 167 төсөл, арга хэмжээний 58 нь Төсвийн тухай хуулийн 29.3.5-д нийцэхгүй байна. Зарим төсөлд техник, эдийн засгийн үндэслэл, магадлалын мэдээлэл байхгүй байгаа нь хэлэлцүүлгийн шатанд нэмэгдэж буй хөрөнгө оруулалтыг сонгох шалгуур, эрэмбэ дараалал тодорхойгүй хэвээр байгааг харууллаа.
Мөн эдгээр төслийн 60.5 хувь нь Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй. Таван жилийн үндсэн чиглэлд нийцэж байгаа нь ердөө 39.5 хувь буюу 66 төсөл байна. Шинэ төслүүдийн 2027 оны санхүүжилтийн 64 хувь буюу 336.1 тэрбум төгрөг нь хөгжлийн урт, дунд хугацааны бодлогод тусгагдаагүй төсөлд зарцуулагдахаар байна. Зөвлөл төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн төлөвлөлттэй уялдуулах зарчмыг сулруулж, зарлагын үр ашгийг бууруулах эрсдэлтэй гэж үзжээ.
11 төслийн өртөг 50 хувиас дээш нэмэгджээ
Шинэ 167 төслийн нийт төсөвт өртөг 1,425.6 тэрбум төгрөг бөгөөд 2027 онд үүний 36.8 хувийг л санхүүжүүлнэ. Үүнээс гадна 36 төслийн төсөвт өртөг 218.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Эдгээрээс 11 төслийн өртөг 50-иас дээш хувиар өссөн ч үндэслэлийг нь саналд тусгаагүй байна. Тухайлбал, Архангайн Жаргалант сумын төвийн замын өртөг 230.7 хувиар, Сэлэнгийн Ерөө–Бугант чиглэлийн замынх 178.1 хувиар, Консерваторын цогцолборынх 65.5 хувиар нэмэгджээ. Мөн шинэ хөрөнгө оруулалтын 40.8 хувь буюу 214.3 тэрбум төгрөг нь тоо хэмжээ, үр дүн нь тодорхойгүй "салбарын тоног төхөөрөмж"-ийн зардал байна.
Одоо байгаа төслүүдийн 2027 оны санхүүжилтийг танаж, түүгээр шинэ төсөл нэмж байгаа нь Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг сулруулж байна. Энэ нь шинэ төслийг гурван жилд багтаан санхүүжүүлж дуусгах хуулийн заалтын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, дунд хугацаанд хөрөнгийн зардлын дарамтыг нэмэгдүүлэхээр байна.
Оюу толгойн ногдол ашгаар санхүүжих байсан 17 төслийг улсын төсвөөр хийнэ
Оюу толгойн ногдол ашгаас орох 2 их наяд төгрөгийн орлогыг төсвөөс хасаж, түүгээр санхүүжих 52 төслийг хассан. Гэвч хэлэлцүүлгээр эдгээрийн 17 нь улсын төсвийн эх үүсвэрээр хэрэгжихээр эргэн тусгагдсан байна. Хасагдахдаа 462.9 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан эдгээр төсөл 462.2 тэрбумын өртөгтэйгөөр буцаж орсон тул өртөг нь бараг өөрчлөгдөөгүй гэсэн үг. Харин 2027 онд өртгийнхөө 18.6 хувь буюу 86.2 тэрбум төгрөгийг л санхүүжүүлэх тул ирэх онуудын төсөвт 376 тэрбум төгрөгийн санхүүжилтийн үүрэг үлдэж байна.
Буцаж орсон төслүүдийн тав нь авто зам бөгөөд эдгээрээс Ховд–Улиастай замын өртөг 42.6 тэрбумаас 70 тэрбум төгрөг болж өссөн. Үүнээс гадна ОТ эх үүсвэрээс хасагдсан эрүүл мэнд, боловсролын салбарын тоног төхөөрөмжийн зардал өөр нэрээр нийт 115 тэрбум төгрөгөөр улсын төсөвт нэмэгдсэн байна.
ТТБЗ дүгнэлтдээ үндэслэн дараах гурван зөвлөмжийг өгчээ
Төсвийн ерөнхийлөн захирагчид хөрөнгө оруулалтын саналаа Төсвийн тухай хуулийн 28, 29, 29¹ дүгээр зүйлийн шаардлагыг хангаж бэлтгэн, Сангийн яамаар хянуулдаг. Гэтэл УИХ-ын хэлэлцүүлгийн явцад ямар нэг судалгаа, тооцоо, зураг төсөвгүй барилга объектыг төсөвт тусгах санал гарсаар байна. Ийм саналыг байнгын хороонд санал хураалгаж, дараа нь хуульд нийцсэн эсэхийг дүгнэдэг одоогийн зохицуулалт “алдаатай” байна. Иймээс Төсвийн тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Хяналт шалгалтын тухай хуулийг хооронд нь уялдуулж, гишүүдийн санал хураалгах аливаа төсөл эдгээр шаардлагыг заавал хангадаг болох хээргтэй.
-Хэлэлцүүлгийн явцад олон санал гарч байгаа ч тэдгээр нь хөгжлийн бодлоготой уялдаж байгаа эсэхийг хянах тогтолцоо байхгүй байна. Гишүүдийн санал дэмжигдэхгүй, татагдаж байгаа шалтгаанд дүгнэлт хийж, сайжруулах арга хэмжээ авах.
-Хэлэлцүүлгийн явцад өгч буй саналуудыг Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө болон таван жилийн үндсэн чиглэлд нийцэж байгаа эсэхээр хянаж, нийцсэн төслийг л хэрэгжүүлэх нь зүйтэй.