Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бага тэнгэр орчимд амины орон сууц худалдан авсныг Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ) өчигдөр хүлээн зөвшөөрлөө. Гэвч уг хаус түүний 2021–2025 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн (ХОМ) үл хөдлөх хөрөнгийн хэсэгт нэг ч удаа тусгагдаагүй байна.
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Канадаас удаа дараа шууд дамжуулалт хийж, Ерөнхийлөгчийн хөрөнгө, орлого, газар, үл хөдлөх хөрөнгийн талаар мэдээлэл түгээсээр байгаа. Тэрээр Ерөнхийлөгчийг Австралид хаустай, хувийн нисдэг тэрэгтэй, Бага тэнгэрт 30–40 сая ам.долларын хаус хороолол барьж байгаа, хотын төвд “Андууд тауэр” барьж байгаа гэж мэдэгдсэн юм.
ЕТГ аравдугаар сарын 27-нд хэвлэлийн хурал хийж, эдгээр мэдээллийг “гүтгэлэг” хэмээн няцаасан. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг Австралийн хаус, нисдэг тэрэг, “Андууд тауэр”-ыг Ерөнхийлөгчтэй хамааралгүй гэж тайлбарласан ч Бага тэнгэрийн амины орон сууцны тухайд худалдан авсан нь үнэн гэдгийг баталсан.
ЕТГ-ын тайлбар: Хадгаламжаас төлсөн
Ц.Ганзоригийн хэлснээр Ерөнхийлөгч Бага тэнгэр орчимд амины орон сууц захиалахдаа өөрийн хадгаламжаас хоёр удаа шилжүүлэг хийжээ. Тэрээр энэ нь “хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байдаг” гэж мэдэгдсэн.