Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээллээ.Тэрээр “Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 280 орчим нотариатын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нотариатын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр иргэдэд илүү хүртээмжтэй, иргэн төвтэй үйлчилгээг бий болгохоор зорьж байгаа. Тухайлбал, дэлхийн хаана ч байгаа Монгол Улсын иргэн цахимаар нотариатын байгууллагатай холбогдож, зайнаас гэрчлүүлэх, баримт бичгээ баталгаажуулах үйлчилгээ авах боломжтой болох юм. Улсын хэмжээнд жил бүр нэг сая орчим нотариатын гэрчлэл, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудад нотариатын үйлчилгээний хөлсийг хөнгөлөхөөр тусгасан. Ингэснээр 500-600 мянган иргэн нотариатын бүх төрлийн үйлчилгээг хөнгөлөлттэй тарифаар авах боломж бүрдэнэ.Мөн үйлчилгээний хөлсөөс чөлөөлөгдөх зорилтот бүлгийг хуулиар тодорхойлж өгсөн. Үүнд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэд, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон эцэг, эхчүүд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүд, гэрч, хохирогч, төлбөрийн чадваргүй хүмүүс хамрагдана. Тэдгээр иргэнийг итгэмжлэл гэрчлэх, баримт бичгийн хуулбар гэрчлэх зэрэг тодорхой төрлийн нотариатын үйлчилгээний төлбөрөөс бүрэн чөлөөлөх юм. Ирэх долоо хоногт уг хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, энэ ондоо багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.