Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан 2027 оны улсын төсвийн төсөл эдийн засагчид болон аудитын байгууллагын дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Судлаачид төсвийг хэт өөдрөг, татварын бус орлогод хэт найдсан гэж үзэж байгаа бол Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарын өнөөгийн түүхэн өсөлтөд тулгуурлан уг төсвийн төслийг боловсруулсан гэдгээ онцолж буй.
Манай улс 2027 онд уул уурхайн салбараас 10.8 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр тооцсон нь ДНБ-ийн 9.5 орчим хувьтай тэнцэнэ. Төсвийн төсөөлөлд уул уурхайн салбарын өсөлтийг 4.1 орчим хувьтай байхаар төлөвлөсөн. Ингэхдээ нүүрсний экспортыг 110 сая тоннд, зэсийн экспортыг 2.1 сая тоннд хүргэж, зэсийн үнийг тонн тутамд 12,700 ам.доллар байхаар тооцжээ. Мөн 2027 оны төсөвт татварын бус орлогоор 8.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Төрийн өмчит уул уурхайн компаниудаас нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 2 их наяд нь Оюу толгойгоос орж байв. Үүгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулахаар төлөвлөсөн ч Засгийн газар холбогдох хуулийн төслөө өнгөрсөн долоо хоногт татсан юм.
Статистик үзүүлэлтээс харахад, энэхүү тооцоо нь тийм ч хоосон тоо биш. Тодруулбал, манай улс есдүгээр сарын байдлаар 86.1 сая тонн нүүрс экспортолж, 6.1 тэрбум ам.долларын орлого олоод байна. Энэ нь бүтэн жилийн төлөвлөгөөгөө бараг биелүүлсэн үзүүлэлт бөгөөд энэ хурдаараа үргэлжилбэл оны төгсгөлд 95-100 сая тоннд хүрэх магадлалтай байгаа. Засгийн газар 2027 оны төсөвт зэсийн үнийг тонн тутамд 12,700 ам.доллар байхаар тооцсон бол Дэлхийн банк 2026 оны дөрөвдүгээр сарын төсөөлөлдөө зэсийн үнэ 2026 онд өсөөд, 2027 онд өмнөх оноос 8 хувиар буурна гэж үзжээ. Тэгвэл эерэг талаас нь харах бус эрсдэлийг нь давхар харвал дараах эрсдэлүүд байгааг судлаач Д.Тунгалаг Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан "Монгол Улсын 2027 оны төсвийн төлөвлөлт" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.