УИХ-аас Нийгмийн даатгалын багц хуульд 2026 оны долдугаар сарын 2-нд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улс анх удаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болсон. Энэ дагуу ирэх сарын 1-нээс суурь тэтгэврийг 450 мянга орчим ахмадад олгохоор болсон. Тэгвэл суурь тэтгэврийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалаас тодрууллаа.
-Суурь тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ нь тэтгэврийн тогтолцоонд ямар өөрчлөлт авчрах вэ?
-Монгол Улс шинэ тэтгэврийн тогтолцоонд орж байна гэж ойлгож болно. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүс нэг төрлийн тэтгэврийг насан туршдаа авч байгаа. Шинэчилсэн бодлогоор нэг нь суурь, нөгөө нь үндсэн тэтгэвэр орж ирэх гээд байна. Одоо УИХ-д өргөн барьсан байгаа Хувийн нэмэлт тэтгэврийн хууль батлагдчихвал гурав дахь тэтгэврийн төрөл бэлэн болно. Дунд урт хугацаандаа ахмад настнууд хамгийн багадаа 2 ихдээ 3 төрлийн тэтгэвэр авдаг болно.
-Одоо тэтгэвэр авч байгаа бүх ахмад суурь тэтгэвэрт хамрагдах уу, эсвэл насны болон бусад шалгуур тавьж байгаа юу?
-Одоо хэрэгжиж эхлэх гэж буй суурь тэтгэврийг тэтгэврийн нэмэгдэл гэж ойлгож болохгүй. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг болон цэргийн тэтгэвэр авдаг ахмадуудын хувьд нэг л шалгуур байгаа. Тэр нь эмэгтэй бол 55, эрэгтэй бол 60 нас хүрсэн байх. Үүнийг халамжийн тэтгэвэр авагчид авахгүй. Учир нь тэдний тэтгэврийг 2027 оны төсөвт тусад нь нэмсэн байгаа.