Ц.Ганзориг: Х.Нямбаатар Канадаас улс төрийн орогнол хүсэх гэж Ерөнхийлөгчийг гүтгэж байна
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар өглөө.
Тэрээр “Хотын дарга асан Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгэж, ямар ч үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Энэ нь үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэх сөрөг мэдээлэл гэж та бүхэн ойлгож болно. Эдгээр асуудалд баримтаар няцаалт хийе.
Нэгд, Монгол Улсын Ерөнхийлөгчийг хувийн нисдэг тэрэгтэй мэтээр гүтгэсэн. Монгол Улсад 20 гаруй нисдэг тэрэг бүртгэлтэй байна. Үүний 18 нь хувийн компани, хувь хүмүүсийн эзэмшилд байдаг. Зэвсэгт хүчний Жанжин штаб нисдэг тэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгч буюу Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргийг ашигладаг.
Хоёрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийг Австрали Улсад хувийн хаустай гэж гүтгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч тус улс руу зорчоогүй 12 жил болж байна. Цахим орчинд байршуулсан хаусны зураг нь Австралийн зарын сайтад байсан зураг болохыг баримтаар харуулж байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Гуравт,
Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Андууд тауэр” хэмээх олон давхар барилгатай гэж гүтгэсэн. Тус барилга нийслэлийн өмч юм. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн тамгын газар хувийн хэвшилтэй хамтран уг барилгыг бариулж байгаа. Тодруулбал, "Асар өргөө" компани уг барилгын эзэмшигч. Ерөнхийлөгчтэй ямар ч холбоогүй.
Дөрөвт, Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гачууртад олон зочид буудалтай гэж гүтгэсэн. Ерөнхийлөгч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан "Илт хаан" компанийн 58 хувийг эзэмшдэг. Энэ нь 10 гаруй гэр, 10 орчим байшинтай нь амралтын газар юм.
Тавд, Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бага тэнгэрт 30–40 сая ам.доллараар үнэлэгдэх хаус хороолол, хотхонуудтай гэж гүтгэсэн. Энэ нь Монгол мөнгөөр 120–140 тэрбум төгрөг. Цацагдсан зураг дээрх хаус нь “Грийн ресурс” ХХК болон иргэн Г.С, С.Б нарын хөрөнгө байна.
Бага тэнгэр орчимд 450 орчим айлын амины болон нийтийн орон сууц бий. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаараа амины орон сууц худалдаж авсан тохиолдол бий. Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 2020 онд хадгаламжаа 1.7 орчим тэрбум төгрөг гэж мэдүүлж байсан бол 2025 онд 561 сая төгрөг болсон байна. Энэ хугацаанд 1.2 орчим тэрбум төгрөгөөр буурсан нь тухайн амины орон сууцны үнийн дүнтэй таарч байна.
Зургаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийг “United Mall” гэх хувийн их дэлгүүртэй гэж гүтгэсэн. Хан-Уул дүүрэгт байрлах тус их дэлгүүрийн эзэмшигч нь Б.Даваадорж, захирал нь С.Ганбаатар гэх хүмүүс бөгөөд эдгээр хүн Ерөнхийлөгчтэй ямар ч холбоо хамааралгүй.
Долоод, Монгол Улсын Ерөнхийлөгчийг тансаг машины цуглуулгатай гэж гүтгэсэн. Энэ оны тавдугаар сард бизнес эрхэлдэг Б.Нямдаваа хэмээх иргэнийг Ерөнхийлөгчийн тансаг машинуудыг нэр дээрээ бүртгүүлж эзэмшдэг гэж гүтгэсэн хэрэгт холбогдогч тогтоогдсон. Үүнийг Х.Нямбаатарын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан. Г.Золзаяа хийсэн. Сэлбэ дэд төвийн ТУЗ-ийн гишүүн Г.Золзаяаг БНХАУ руу оргон зайлж, тэндээ нуугдаж байгаа. Энэ хүн Х.Нямбаатарын захиалгаар худал мэдээлэл тараасан гэдгээ хүлээн зөвшөөрч, бидэнд мессеж ирүүлсэн.
Наймд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон Тамгын газрын ажилтнуудыг хэт баяжсан гэж гүтгэсэн. Эдгээр хүмүүсийн дунд G class унадаг хүн байхгүй. Төрдөө мэдлэг, боловсрол, туршлагаа зориулж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа хүмүүс. Гүтгүүлсэн эдгээр хүмүүс ч хууль, хяналтын байгууллагад хандаж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэдэг нь ганц энэ тохиолдол биш. Үе үе улстөрчид хууль, хяналтын байгууллагад яллагдагчаар татагдах, авлига авах, нийтийн мөнгийг хамаарал бүхий этгээдэд өгөх зэрэг асуудалд холбогдохоороо Ерөнхийлөгчийг дарангуйлагч болсон, гэж гүтгэж байна.
Х.Нямбаатар Канад улсаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаж, Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгэж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. АНУ, Канад зэрэг улс хууль эрх зүйн хувьд авлига, албан тушаалын зөрчил, гэмт хэрэгт холбогдсон, эх орноосоо урвасан хүмүүст орогнол үзүүлдэггүй” гэлээ.