Олон улсын валютын сан Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлд тусгасан төсвийн томоохон тэлэлт эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг удаан хадгалах эрсдэлтэйг анхааруулав.
Олон улсын валютын сангийн (ОУВС) орлогч дарга Тахсин Саади Седикээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны есдүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, макро эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар Монголын эрх баригчидтай уулзал хийсэн байна. Ажлын хэсэг аравдугаар сарын 8-нд урьдчилсан дүгнэлтээ мэдэгдэл хэлбэрээр нийтэлжээ.
Өсөлт хурдан ч инфляци, төсвийн эрсдэл нэмэгдэв
Уул уурхайн олборлолтын өсөлтийн ачаар Монголын эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсч, гадаад валютын нөөц есдүгээр сарын эцэст 8.9 тэрбум ам.долларт хүрчээ. ОУВС бүтэн жилийн өсөлтийг 6.2 хувь гэж төсөөлж байна.
Харин хүнсний үнийн өсөлт, шатахууны хомсдлын улмаас инфляц есдүгээр сард 12.9 хувьд хүрч, Монголбанкны 6±2 хувийн зорилтоос хол давсан бөгөөд энэ оны эцэст 13 хувь, 2027 оны эцэст 8.5 хувь орчим байх төлөвтэй.
Төсвийн тодотгол болон 2027 оны төсөлд татвар бууруулах, нийгмийн хөтөлбөр, цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд ихэнхийг төрийн өмчит компаниуд, Оюу толгойн нэг удаагийн ногдол ашгаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Байнгын зарлагыг тогтворгүй уул уурхайн орлогоор санхүүжүүлэх нь төсвийн алдагдал, өрийг өсгөж, цалин-инфляцын эргэлт үүсгэх эрсдэлтэй гэж ОУВС анхааруулав.