Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирэх сарын 1-нээс ахмадуудад олгох суурь тэтгэвэр болон бусад шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-аас Нийгмийн даатгалын багц хуульд 2026 оны долдугаар сарын 2-нд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улс анх удаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болсон. Энэ дагуу өмнө нь иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг байсан бол одоо гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдээд байгаа аж.
Нэгд: Суурь тэтгэвэр буюу бага орлоготой тэтгэвэр авагчдын орлогыг нэмгдүүлэх зорилготой уг тэтгэвэр нь ахмадуудын төлсөн шимтгэлээс бус улсын төсвөөс олгогдоно. Иргэдийн ажилласан жилтэй уялдан 100-300 мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэгдэж буй уг тэтгэврийг нийт 435 мянган ахмадад ирэх сарын 1-нээс олгоно. Суурь тэтгэвэр авахын тулд хамгийн гол нь эмэгтэй 55, эрэгтэй 60 хүрсэн байх шаардлагатай. Цэргийн алба хааж, эрт тэтгэвэрт гарсан иргэд ч дээрх насанд хүрсэн тохиолдолд суурь тэтгэвэр авах боломжтой. Суурь тэтгэвэр олгоход 2026 оны Төсвийн тодотголд улсын төсвөөс 196.3 тэрбум төгрөг тусгасан бол 2027 оны төсвийн төсөлд 1.2 их наяд төгрөг төсөвлөжээ.
Хоёрт: Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр заасан. Энэ хүрээнд ахмад настны тэтгэврийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 хувиар нэмнэ. Уг зардлыг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган хэлэлцүүлж байна. Хэрвээ тэтгэвэр нэмэгдвэл дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрэх тооцоо байна.