О.Номинчимэг: Сайн хууль руу дайрч чадахгүй болохоор хувь хүн рүү нь дайрдаг юм билээ
Нийтэлсэн 11 минутын өмнө
ТОВЧ АГУУЛГА
Үнэр, амттай электрон тамхийг 2027 оноос бүрмөсөн хориглоно
Бүх төрлийн тамхины онцгой албан татвар 2031 он хүртэл нэмэгдэнэ.
Хоёр тал байлдаад байгаа юм биш, энэ бол ердөө л тамхины компаниудын лобби.

УИХ Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.
Үнэр, амттай вэйп лангуунаас бууна
-Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт орлоо. Гурван чуулган дамнан хэлэлцэж, нэлээд шүүмжлэл, маргаан дагуулсны эцэст баталсан. Хуульд ямар өөрчлөлт орсноос ярилцлагаа эхэлье.
-Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах үзэл баримтлалаар боловсруулсан энэ хууль жил гаруй хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст УИХ-ын дийлэнх олонхын дэмжлэгээр батлагдлаа. Шинэ заалтууд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хүүхэд насандаа тамхинд орвол насан туршдаа гарахад хэцүү. Өдөр бүр 12 гэр бүл ойр дотны хүнээ тамхинаас үүдэлтэй өвчнөөр цаг бусаар алдаж байна.
Нэгдүгээрт, хүүхэд, залуусын дунд тархаад байгаа электрон тамхи (вэйп), зажилдаг бохь, үнэр, амт агуулсан тамхин бүтээгдэхүүн хортой, донтуулдаг хэрнээ өнөөг хүртэл ямар ч хуулийн зохицуулалтгүй байсан. Өмнөд Солонгос, Австрали зэрэг улстай харьцуулахад манай 18 нас хүрээгүй хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээ 20–30 дахин өндөр байна гэсэн судалгаа бий. Тиймээс эдгээрийг хортой тамхи гэж хуульд тодорхойлж, импортлох, худалдах, хэрэглэх, сурталчлахыг зохицуулалтад орууллаа. Өмнө нь хүүхдүүд дуртай инфлүэнсерээ электрон тамхи татаж буйг хараад “Гоё юм байна, жимсний амттай юм байна” гэж маркетингт автсан нь судалгаагаар батлагдсан.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Хоёрдугаарт, үнэр, амт агуулсан электрон тамхийг хориглосон. Дэлхийд ямар ч зохицуулалтгүй улсыг тоолвол Африкийн хэдэн улс, иргэний дайнтай Афганистан, тэгээд Монгол Улс байсан. Энэ чинь өөрөө эмгэнэл шүү дээ. Дэлхийн 90 орчим улс электрон тамхийг хуулиар зохицуулж, 20 гаруй нь хориглосон. Учир нь жимс, гаа, кола, банана зэрэг амттайгаар яг л зайрмаг шиг худалдаалж, хүүхдийн бүрэн хөгжиж амжаагүй тархийг донтуулж байна. Манай дунд, ахлах ангийн сурагчдын 60–70 хувь нь хэрэглэж байна, 10 настай хүүхэд хүртэл амандаа зуугаад явж байгаа. Тамхины амтаас бусад амттай бүх бүтээгдэхүүнийг хориглож буй нь өнөөдөр зах зээл дээр байгаа электрон тамхины 99 хувьд хамаарна. Тамхинаас гарахыг хүсэж буй насанд хүрэгчдэд тамхины амттай электрон тамхийг сонголт болгон үлдээсэн.
Гуравдугаарт, эдийн засгийн хөшүүрэг. Тамхины үнэ 10 хувь өсөхөд тамхидалт дунджаар 4 хувиар буурдаг, ялангуяа орлогогүй хүүхэд, өсвөр үеийнхэнд илүү нөлөөлдөг. Монголд янжуур тамхи дэлхийд байхгүй хямд байгаа. Тиймээс бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2031 он хүртэл нэмэгдүүлнэ. Мөн архины адил давтагдашгүй код наадаг болж, хэн үйлдвэрлэж, импортолж, хаана борлуулж байгааг хянах боломжтой болно.
Дөрөвдүгээрт, гудамжаар алхахад хаа сайгүй тамхи татдаг боллоо гэсэн иргэдийн саналын дагуу гудамж, талбай, хүүхдийн тоглоомын талбай, дотоод орчинд тамхи татахыг хориглосон.
-Тодруулаад асууя. Үнэр, амт агуулсан электрон тамхийг бүрмөсөн хориглож, харин янжуур тамхи болон тамхины амттай электрон тамхийг зохицуулалттай болгосон гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм ээ. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс банана, ваниль, тарвас, вино гэх мэт тодорхойлогч үнэр, амт оруулагчтай электрон тамхи лангуунаас бууж, худалдаалах, импортлох эрхгүй болно. Хилээр оруулахыг хатуу хориглосон бүтээгдэхүүнд багтаж байгаа.
-Нийгэмд электрон тамхи янжуур тамхинаас хор хөнөөл багатай гэсэн ойлголт байдаг. Гэтэл янжуур тамхины зохицуулалтыг хэвээр үлдээж, амттай электрон тамхины зах зээлийг бүрмөсөн зогсоочихлоо. Яагаад татвар ногдуулж, зохицуулалтыг чангатгах замаар зах зээлийг нь нээлттэй үлдээж болоогүй юм бэ гэсэн шүүмжлэл байна.
-Нийгмийг талцуулахын тулд янжуур, электрон тамхийг хооронд нь өрсөлдөөд байгаа юм шиг ойлгуулж байна. Янжуур тамхи хорт хавдар болон бусад өвчин үүсгэдэг нь шинжлэх ухаанаар батлагдаж, дэлхий даяар хэрэглээ нь буурч байна. Харин Монголд буурахгүй байгаа нь зохицуулалт сул, хөгжиж буй улсыг компаниуд онилдогтой холбоотой. Янжуурын хор хөнөөл нотлогдоод ирэхээр дараагийн хэрэглэгчээ алдахгүйн тулд халаадаг тамхи, амт, үнэртэй электрон тамхийг технологийн шинэ бүтээгдэхүүн гэж гаргаж ирж байна. Электрон тамхины хамгийн том эзэмшигчид бүгдээрээ уламжлалт тамхины компаниуд. Хоёр тал байлдаад байгаа юм биш, энэ бол ердөө л тамхины компаниудын лобби.
Тиймээс аль нэгийг нь дэмжих биш, бүхэлд нь хэрэглээг бууруулах ёстой. Янжуур тамхины хувьд ч стандартыг шинэчилж, татвараар зохицуулж байгаа. Тамхинаас үүдэлтэй эдийн засгийн алдагдал тамхины татварын орлогоос 22 дахин их байна гэж ДЭМБ Засгийн газар, УИХ-д удаа дараа анхааруулсан ч манай улс үл тоож ирсэн. Насанд хүрсэн нэг хүнд сонголт үлдээхийн цаана магадгүй 100 хүүхэд донтож, электрон тамхинаас янжуур руу, улмаар илүү хүнд донтолт руу орох зам нээгдэж байна. Ийм үндэслэлээр дэлхий нийт хориглож байна.
Тамхи л бол тамхи. Хоргүй электрон тамхи гэж байхгүй
-УИХ Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцэж байх үед таныг янжуур тамхи импортлогчдын лоббид орж, электрон тамхийг хориглолоо гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр нэлээд тарсан шүү дээ. Та аливаа лоббид ороогүй гэдгээ яаж батлах вэ?
-Бид 13 жил Тамхины хяналтын тухай хуульдаа өөрчлөлт оруулж чадаагүй. Өмнөх парламентын үед ч “Электрон тамхины асуудал хэцүү юм” гэж ярьж байсан. Эрүүл мэндийн яам, УИХ-ын зарим эмэгтэй гишүүн энэ асуудалд анхаарч ажиллаж эхлэхээр нь гутааж, хэн нэгний лоббичин болгож, санаачилгыг нь мохоочихдог байсан. 2024 онд шинээр бүрдсэн УИХ “Хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж зарласны дараа иргэдээс ирсэн хамгийн олон санал нь электрон тамхи, скүүтер, мопедын асуудлыг цэгцлээч гэсэн байсан. Тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан скүүтер, мопедын асуудлыг М.Батчимэг гишүүнд, тамхитай холбоотой асуудлыг надад хуваарилж байсан. Ер нь хэн ч энэ асуудлыг барьж, ярьж эхлэхээр нь харлуулдаг тактик газар авсан юм билээ. Намайг эхлээд янжуурын лоббичин болгосон, сүүлдээ гаатай тамхи болон IQOS буюу халаадаг тамхины лоббичин болгосон. Ер нь улс төрийн ямар л муухай шошго байна, тэр бүрийг наасан. Гэхдээ энэ бол хүүхэд, залуусын эрх ашиг, эрүүл мэндийг хохироож бизнес хийдэг хүмүүсийн амар олсон мөнгөөр явуулж буй харлуулах техник гэж харсан. Харин намайг энэ хуулийг боловсруулж, тэмцэж явахад маш олон эцэг эх хандаж санал өгч, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. “Таныг зорилготойгоор харлуулж байгаа хэвлэл мэдээллийн сайтууд хүртэл байна шүү” гээд мониторинг хийж явуулсан ч байсан.
Янжуур тамхи өмнө нь хуулийн зохицуулалттай байсан. Харин ямар ч хуулийн зохицуулалтгүй байсан нь электрон тамхи. Янжуурын татварыг нэмэх, үнэр, амтны стандартыг сайжруулах ёстой гээд зохицуулалтыг нь ярьж явсан. Нийгмийн сүлжээнд бол “Мөнгө төлсөн нь дуугаа захиална” гэдэг шиг маш их мөнгө зарсан ухуулга сурталчилгаагаар ташаа мэдээлэл их тарсан. Хувь хүний хувьд нэг ч үнэн зүйл байгаагүй учраас айх, ичих зүйлгүй гээд зүтгэсэн.
Үнэнийг хэлэхэд, хууль боловсруулж эхэлсэн үеэс л сонин зүйлс болсон. Улс төрд нөлөө бүхий маш олон хүн, улстөрчид над руу ярьсан. “Номио, чамд нэг санал өгнө шүү, тусгачихаарай” гэх мэт. Хүний өмнөөс залгасан ах нарт “Надтай дахиж ярих хэрэггүй. Би бүх зүйлийг тэмдэглэж авч байгаа. Энэ хууль угаасаа ярвигтай, дараа нь асуудал гарвал буруу, зөрүү мэдээлэл гарч, харлуулдгийг мэднэ. Эрдэнэчимэг гишүүн энэ хуулийг анх санаачилж, батлуулж байхад юу болсныг би мэднэ. Хэн, хэний өмнөөс юу гэж ярьсныг чинь бүгдийг тэмдэглэж авна” гэдгээ шулуухан хэлж байсан. Электрон тамхины холбооныхон орж ирээд хамтарч ажиллая, дэмжье гэсэн. Тэгэхэд нь “Тамхины компаниудын дэмжлэг огт хэрэггүй. Бид шинжлэх ухаанд суурилж, мэргэжлийн эмч нар, судлаачидтайгаа хуулиа боловсруулна. УИХ-аар хэлэлцэхэд саналаа өгвөл өгөөрэй” гээд гаргасан.
Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачид, гааль, Сангийн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг маань хуулиа нэлээд чамбай боловсруулсан. Үнэндээ сайн хууль руу дайрч чадахгүй болохоороо хувь хүн рүү нь дайрдаг юм билээ. Сүүлдээ гэр бүл рүү минь орсон нь муухай байлаа. Надад мэдээж таатай байгаагүй. Гэхдээ би шантарвал дараа дараагийн хүмүүс эмээж, энэ төслийг хэн ч оруулж ирж чадахгүй гэж бодсон. Бид төлөөллөө сайжруулна гэж иргэдэд амлаж, Үндсэн хуулиа өөрчилж, 126 гишүүнтэй болсон. Тиймээс иргэдийн хүсэл зориг дийлэх үү, эсвэл гурав, дөрвөн тамхины компанийн эрх ашиг дийлэх үү гэдгийг шалгах юм байна, үүн дээр шантарч болохгүй юм байна гэж өөртөө хэлж байсан.
УИХ-ын 126 гишүүний олонх нь энэ хуулийг дэмжсэн. Нийт 78 гишүүн хамтран санаачилж, үзэл санаанд нь нэгдэж гарын үсэг зурсан. Ийм байхад цөөн хэдэн компани зохицуулалтгүй тамхинаас олсон ашгаараа энэ хуулийг эсэргүүцэх гэж оролдсон. Сүүлдээ олон зүйл тодорхой болсон. Намайг гүтгээд байсан янжуур, гаатай, халаадаг, электрон тамхи оруулж ирдэг компаниуд нэгдээд “Энэ хуулийг зогсоож өгөөч” гэж Ерөнхийлөгчид хандсан байсан. Бүгдийнх нь эрх ашиг шингэсэн улаан цайм худлаар гүтгэж байсан. Миний нэн тэргүүний зорилт хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах байсан. Түүний төлөө тууштай ажилласан гэдгээ хариуцлагатай хэлье.
-Хууль санаачлагчдад эрх ашиг бүхий этгээдүүд хандаж байсан уу. Тухайлбал, энэ саналыг оруулаарай гэж эрх бүхий албан тушаалтан, улстөрчид тань руу ярьж байсан гэлээ. Нөгөө талаар 126 гишүүний дунд тамхины компанитай холбоотой хүн байсан уу, бусдынхаа санал бодолд нөлөөлөх гэсэн лобби хэр байв?
-Ажлын хэсэгт санал, бодлоо тусгуулах гэсэн оролдлогууд байсан. “Янжуур тамхины татварыг битгий нэмээч, оронд нь картон цаасан савлагааны үнийг нэм, тэр нь зөв” гэж хэлсэн гишүүн хүртэл бий. Тухай бүрд нь “Ийм юм ярьж болохгүй, ийм саналыг хүлээн авахгүй” гэхээр хуульд нэгдэж гарын үсэг зураагүй Ажлын хэсгийн гишүүд ч бий. Гэхдээ 70 гаруй гишүүн маань хүүхэд, өсвөр үеийнхнээ хамгаалах нь зөв гэж нэгдсэн. Тийм ч учраас парламентаар батлагдлаа.
126 гишүүний анхны тест Тамхины хяналтын тухай хууль боллоо
-126 гишүүнтэй болохдоо “Парламентад лобби үүсвэл 126 гишүүнийг худалдаж авахад хэцүү байх болно” гэж ярьж байсан. Үүний ач холбогдол Тамхины хууль дээр харагдсан гэж үзэж болох уу?
-Тамхины хяналтын тухай хууль том шалгуур болсон гэж би харж байна. Энэ бол тамхин бүтээгдэхүүний хууль биш, нийгмийн эрүүл мэндийн хууль. Тамхины бизнесийн лоббид 126 гишүүний хэн нь ямар байр суурьтай оролцож, няцах уу, үгүй юу гэдгийг шалгасан тест. Өмнө нь 76 гишүүнтэй парламентад 4–5 гишүүн “тамхины” гэх тодотголтой байсан, одоо ч байгаа. Би аргаа бараад нэг танхимд сууж буй гишүүдийнхээ нүүр рүү харж “Лоббигоо болиоч” гэж хэлж ч байсан. Ийм нөлөө зөвхөн тамхинд биш, уул уурхай, тендер зэрэг эрх ашиг оролцсон бүх асуудалд орж ирдэг. 126 гишүүнтэй болсноор явцуу эрх ашгаас илүү олон нийтийн эрх ашгийг төлөөлөх тэнцвэр сайжирч байна.
-Хууль батлагдах хүртэл жил гаруй хугацаа зарцуулсан. Яагаад ийм удаан гацсан бэ?
-Хууль шат шатандаа гацсан. Засгийн газраас санал авах үед гацахад тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар нийгмийн эрүүл мэндэд ач холбогдолтой хууль учраас шуурхай санал өг гэж дэмжлэг үзүүлсэн. УИХ-д өргөн барьсны дараа ч хэлэлцүүлэг хойшилж, хавар санаатай, санаандгүй маш их гацаа үүссэн. Хэлэлцэгдвэл батлагдана гэдэг нь ойлгомжтой байсан учраас яаж хэлэлцүүлэгт оруулахгүй байх вэ гэсэн тактик явсан.
Энэ хугацаа хэнд ашигтай байсан бэ гэвэл тамхи импортлогч компаниудад. 2024–2026 оны гаалийн мэдээг харахад татвар өсөхөөс өмнө бүх төрлийн бүтээгдэхүүний импорт нэмэгдэж, нөөцөлсөн байна. Халаадаг тамхи 170–200 дахин, электрон тамхи 50 хувиар өссөн. Энэ бол хуулийг гацаахад оролцсон гишүүдийн буруугийн үр дагавар.
-Аливаа зүйлийг хориглох тусам далд зах зээл цэцэглэх талтай. Хориг болон татвар нэмэгдэхтэй холбоотойгоор электрон тамхины импорт хэд дахин өссөн гэх мэдээлэл ч байна. Далд зах зээлийн эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?
-Хориглох ёстой зүйлийг хориглох л ёстой. Хориглочихоор далд зах зээл үүсээд байгаа юм чинь зөвшөөрье гэдэг логик зарим бүтээгдэхүүнд хамаарахгүй. Хар тамхийг ч бид үеийн үед хориглож ирсэн. Нэгэнт орж ирсэн учраас байх ёстой юм шиг бодож байгаа нь буруу. Анхнаасаа байгаагүй бол хүүхэд, залуус хордохгүй байсан.
Миний дараагийн анхаарах асуудал Хар тамхины тухай хууль. Хүүхэд, өсвөр үеийнхий донтолт бүр хүндрээд хар тамхи руу орох эрсдэлтэй байна. Тиймээс УИХ хар тамхинд анхаарч ажиллаж байна.
-Хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ. Тухайлбал, хориглосон электрон тамхи худалдаалвал?
-Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулна. 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцална. Санаатай, зорилготойгоор далд зах зээл үүсгэвэл тагнуул, цагдаагийн байгууллага ажиллах ёстой. Энэ бол Монгол Улсын хуулийг юман чинээ тоохгүй, үндэсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндэд халдаж буй үйлдэл. Надад “Чи харж байгаарай, далд зах зээл үүсгэнэ, ашгаа олно шүү” гэсэн заналхийлэл хүртэл ирсэн шүү дээ. Хүний эрүүл мэндийг бус ашиг орлогоо бодож далд зах зээл үүсгэж байгаа бол энэ нь эрүүгийн хариуцлагын асуудал болно.
-Хуулийг хэрэгжүүлэх журам гарах уу?
-Хууль шууд хэрэгжинэ. Хууль тогтоомжийн тухай хуулийг ахалж батлуулахдаа хуулиа хэт ерөнхий бичээд Засгийн газар журмаа 2–3 жил батлахгүй байх, эсвэл хуулиас давсан журам гаргадаг байдлыг нэг мөр болиулсан. Харин стандартыг шинэчлэх ёстой. Янжуур тамхины хайрцаг дээрх сануулгыг 50-аас 70 хувь болгосон, шинэ төрлийн бүтээгдэхүүн дээр ч сануулга байршуулна. Үүнийг Засгийн газар яаралтай хийх ёстой бөгөөд би байнга шахаж, шаардана. Хууль гаргах нь УИХ-ын, хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг.
-Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр байгуулж, энэ хүрээнд янжуур тамхины татварыг бууруулах, бүр тэглэх асуудал яригдсан. Янжуур тамхи импортолдог Казахстан ч энэ холбоонд багтдаг. Хэлэлцээр Тамхины хуулийн хэрэгжилтэд саад болох юм биш үү?
-Бид гаалийн татварыг 30 хувиар нэмэх, онцгой албан татварыг нэмэгдүүлэх санал оруулж ирж байхад тухайн үеийн Засгийн газар Евразийн таван улстай худалдааны хэлэлцээр хийж, тамхины гаалийн татварыг тэглэх санал оруулж ирсэн. Уг нь энэ асуудал дээр шүгэл үлээсэн хүн нь би. Янжуурын лоббичин байсан бол дуугүй өнгөрөх байсан биз дээ. “Хүмүүсийг хавдраар үх гэсэн төрийн бодлого гэж байх уу” гэж эсэргүүцсээр байгаад гаалийн татварыг тэглэсэн ч онцгой албан татвараар нөхөж авах шийдэлд хүрсэн.
УИХ-ын тогтоолоор Засгийн газарт хугацаатай үүрэг өгсөн ч Ж.Энхбаяр сайд огт хөдлөөгүй. З.Мэндсайхан Сангийн сайдаар томилогдсоны дараа эерэгээр шийдэж, онцгой албан татварын хэмжээг тогтоох хуулийг яаралтай баталсан. Ингэснээр ОХУ, Казахстанаас орж ирэх тамхины татварын нийт дүн өөрчлөгдөхгүй болж, хоёр хууль нийцтэй болсон. Ер нь худалдааны хэлэлцээрт орохдоо тамхины татварыг тэглэдгээ болих хэрэгтэй. Монгол Улс өөрийн бодлоготой, түүнийгээ хамгаалдаг төрийн түшээдтэй байх ёстой.
-Янжуур тамхинаас гарах гэж байгаа, мөн тамхины үнэрээ дарахын тулд амттай вэйп хэрэглэх болсон хүмүүс бий. Тэд хэрэглэж байсан зүйлээ хориглуулсандаа танд уурлаж байгаа болов уу. Тэдэнд юу хэлэх вэ?
-Тамхинаас гармаар байвал гарах талаар л бодоорой. Тамхи л бол тамхи. Хоргүй электрон тамхи гэж байхгүй. Энэ бол ухамсартай, насанд хүрсэн хүн өөрөө шийдэх асуудал. Бидний өмнө тавигдсан сонголт бол таныг татах боломжтой байлгах уу, эсвэл үүний төлөө 100, 1000 хүүхэд, бүтэн ангиараа электрон тамхинд орж, бүхэл бүтэн залуу үе донтолтод автахыг хүлээн зөвшөөрөх үү гэдэг л байсан. Үр хойч, ирээдүйгээ хамгаалах нь бидний нэн тэргүүний зорилт байсан гэдгээ дахин хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.