ХААН Банк Монгол Улсад ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 130 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB)-тай байгууллаа. Санхүүжилтийн гэрээнд талууд гарын үсэг зурсан нь ХААН Банк болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан түүхэн үйл явдал бөгөөд Монгол Улсын санхүүгийн байгууллагад тус банкнаас олгож буй анхны санхүүжилт гэдгээрээ онцлог юм.
Энэхүү хамтарсан санхүүжилтийг удирдан зохион байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) 80 сая ам.доллар, үндсэн зээлдүүлэгчээр хамтран оролцож буй БНСУ-ын хөгжлийн банк (KDB) 20 сая ам.доллар, мөн Азийн бүс нутгийн хоёр банк хамтран 30 сая ам.долларын санхүүжилт тус тус олгож буй. Төгрөг, ам.доллар хосолсон валютын бүтэцтэй, 5 жилийн хугацаатай уг хамтарсан санхүүжилтийн 50 сая ам.доллартай тэнцэх хэсгийг ХААН Банк үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр татан төвлөрүүлж буйгаараа мөн онцлог юм.

ХААН Банк сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, бохирдлоос сэргийлэх болон бууруулах үйл ажиллагаа, усны менежмент, хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа, ногоон тээвэр зэрэг ногоон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд энэхүү эх үүсвэрийг зарцуулах юм. Тус хамтын ажиллагаагаар дамжуулан ХААН Банк орон даяар байрлах салбар нэгжүүд, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Ким-Си Лим “Ногоон санхүүжилт нь ойрын арван жилийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулахын зэрэгцээ дэлхий даяарх улс орнуудын иргэдийн амьдрал, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой. Байгаль орчны тогтвортой байдал, жендэрийн тэгш оролцоог дэмжих чиглэлээр олон жилийн турш манлайлан ажиллаж ирсэн ХААН Банктай анхны санхүүжилтийн гэрээ байгуулж байгаадаа бид баяртай байна” хэмээн гэрээнд гарын үсэг зурах үеэрээ хэллээ.