KDDI болон Мобиком корпорацийн нэг өдөр гаргасан мэдэгдлийн зөрүүтэй баримтуудKDDI болон Мобиком корпорацийн нэг өдөр гаргасан мэдэгдлийн зөрүүтэй баримтууд
Нийтэлсэн 2026 оны 10 сарын 26
2026 оны аравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарч, бүтэн найман өдрийн дараа түймрийг бүрэн унтраасан. Түймэр Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь буюу 468 мянга га талбайг хамарч, олон тооны ургамал, ан амьтад үрэгдэж, зарим нь урд хөрш дайжиж байгалийн унаган төрх ихээхэн алдагджээ. Монголын эрх бүхий байгууллагууд Нөмрөгт гарсан түймрийн хохирлыг тогтоохоор ажиллаж буй. Өнгөрсөн баасан гарагт ажил тарсны дараа уг түймрийн хэрэгт эзэн холбогдогчоор нэрлэгдээд байгаа Мобиком корпорациас нөхцөл байдлын талаар дахин мэдэгдэл гаргав. Энэхүү мэдэгдлийг үндэслэн Мобиком корпорацийн толгой компани болох Японы KDDI компани япон хэлээр мөн мэдэгдэл гаргасан байна. Учир нь, Японд Монголын Нөмрөгийн дархан цаазад гарсан түймрийн асуудал аравдугаар сарын 20-ноос хойш эрчээ авч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд анхаарлын төвд байсаар байна.
Мобиком корпораци болон түүний толгой компани KDDI Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн талаар гаргасан мэдэгдлийн үндсэн баримт давхцаж байгаа ч гал гарах мөчийн нөхцөлийг өөр, өөрөөр тайлбарласан байна. Мөн хохирол, хариуцлагын талаарх өнгө аяс нь эрс ялгаатай байв. Иймд KDDI болон Мобиком корпорацийн нэг өдөр ээлжлэн гаргасан мэдэгдлийн зөрүүтэй баримтыг ялгаж харцгаая.
Машин зогсож байсан уу, явж байсан уу
Хоёр мэдэгдлийн хооронд баримтын хувьд хамгийн тод зөрүү бол гал гарах мөчид машин ямар байдалтай байсан тухай юм.
Мобикомын мэдэгдэлд дурдсанаар 11:45 цагийн орчимд томилолтоо дуусгаад буцах замд нэг машины доод хэсгээс гал гарч эхэлжээ. Жолооч машиныг нэн даруй зогсоож, зорчигчдын хамт гал унтраагуур, ус, хувцсаар унтраахыг оролдсон байна. Гэвч гал ойр орчмын хуурай өвсөнд дамжиж, түймэр дэгджээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
KDDI-ийн мэдэгдэлд харин өөрөөр бичсэн байна. Тодруулбал, машин наалдсан хуурай өвсийг цэвэрлэхээр зогсож байх үед доод хэсгээс нь утаа гарч байгааг илрүүлжээ. KDDI мөн гал биш, утаа гэсэн үг хэрэглэсэн бөгөөд цаг хугацааг огт дурдаагүй байв.
Энэ ялгаа нь галын шалтгааныг тогтооход ач холбогдолтой. Машин зогсож байхад гал гарсан бол аюулгүй ажиллагааны зогсолтын үеэр осол болсон байх магадлалтай. Харин явж байхад гарсан бол өвс цэвэрлэх давтамж хангалттай байсан эсэх асуудал гарч ирнэ.
Хохирол ба хариуцлага: Хоёр өөр өнгө аяс
Мобиком корпораци Монголын ард түмнээс уучлалт гуйхдаа "байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулсан" гэж шууд хүлээн зөвшөөрсөн. Компани эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийг хүндэтгэнэ гэжээ. Мөн хуульд заасан үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлнэ гэдгээ мэдэгдлийнхээ туршид хэд хэдэн удаа давтсан байна.
KDDI ч мөн адил уучлалт гуйсан ч "Ихээхэн төвөг, санаа зовнил учруулсан" гэсэн зөөлөн хэллэг ашигласан. Хууль ёсны хариуцлагын тухай тодорхой дурдаагүй. Харин шалгалтад бүрэн хамтран ажиллана гэсэн. Мөн байгаль орчныг сэргээх ажилд идэвхтэй оролцоно гэж амласан байна.
KDDI хууль зөрчсөн эсэхийн тухай нэг өгүүлбэрээр хязгаарлагдсан. Түүнд Мобикомын ажилтнууд бусад хууль зөрчсөн үйлдэл гаргаагүйг баталгаажуулсан гэжээ. Мобиком харин ан агнах, загас барих, дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулах, согтуугаар жолоодох зөрчил гаргаагүй гэж нэг бүрчлэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн машиныг компанийн мэргэжлийн жолооч нар жолоодсон гэдгийг онцолжээ.
KDDI-ийн мэдэгдлийн гол чиглэл нь үйл ажиллагаа бүхэлдээ эрх бүхий байгууллагын хяналтад явагдсан гэдгийг харуулахад чиглэжээ. KDDI-ийн бичсэнээр дархан цаазат газар дахь бүх хөдөлгөөнийг Хилийн боомтын газар удирдаж, хянаж байжээ. Мобикомын хоёр машины урд, хойно албаны гурван машин цуваагаар явсан гэжээ. Сүлжээний чанарыг шалгах бүсийг хүртэл байгууллага заасан бөгөөд галыг ч байгууллагын зааврын дагуу унтраасан гэж бичсэн байна.
Мобикомын мэдэгдэлд энэ талаар илүү ерөнхий бичжээ. Компани холбогдох байгууллагын тогтоосон чиглэл, зохион байгуулалтыг мөрдөн ажилласан гэж дурдсан. Албаны машинууд цувааны урд, хойно чиглүүлж явсан гэсэн ч тоог нь дурдаагүй. Галыг унтраахдаа ажилтнууд тусламж ирэх хүртэл өөрсдөө бүх хүчээ дайчлан тэмцсэн гэж онцолсон байна. Мобиком түймэр тархсан шалтгааныг хүчтэй салхи, хуурай цаг агаартай холбосон. Харин KDDI энэ асуудлыг эрх бүхий байгууллага шалгаж байна гэж үлдээжээ.
Хүсэлт гаргасан байгууллагын нэр ч зөрүүтэй. Мобиком «Сүмбэр боомтын захиргааны хүсэлтээр» томилолтоор ажилласан гэсэн. KDDI харин «国境港湾局» буюу Хилийн боомтын захиргааны гэж бичсэн. Энэ нь орчуулгын ялгаа байж магадгүй. Гэхдээ хариуцлагын хуваарилалтад нөлөөлж болзошгүй тул тодруулах шаардлагатай.
Нэг талд байгаа, нөгөөд байхгүй баримтууд
Мобикомын мэдэгдэлд цаг хугацааны дэлгэрэнгүй мэдээлэл багтжээ. Гал 11:45 цагийн орчимд гарсан бөгөөд томилолтын нэг ажилтан 11:55-д онцгой байдал болон хил хамгаалах байгууллагад дуудлага өгч тусламж хүссэн байна. Мобиком мөн шинэ мэдээллийг тухай бүр олон нийтэд нээлттэй хүргэнэ гэж амласан.
KDDI-ийн мэдэгдэлд Мобикомынхоос илүү дэлгэрэнгүй хэд хэдэн баримт бий. KDDI-ийн бичсэнээр цуваанд явсан цорын ганц япон хүн нь Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байжээ. Тэрээр Мобикомын ажилтны жолоодсон машинд сууж явсан байна. Нийт долоон хүний хоёр нь жолооч байсан. Машинууд бага хурдтай явж, 20–30 минут тутам зогсон өвс цэвэрлэж байжээ. Мөн Нөмрөгийн бүсэд өвс өндөр, зам хүнд байсан гэж тайлбарласан байна.
KDDI мөн Мобиком Монголд 30 жил үйл ажиллагаа явуулж ирснийг дурдсан. Толгой компанийн хувьд нийгмийн хариуцлагаа хүчтэй ухамсарлаж байгаагаа ч илэрхийлжээ.
Зөрүүтэй талууд байгаа ч хоёр мэдэгдэл үйл явдлын үндсэн хүрээн дээр санал нийлж байна. Мобикомын удирдлага, ажилтнууд 10 сарын 6-аас 8-ны хооронд Нөмрөгийн бүсэд томилолтоор ажилласан. Томилолтын зорилго нь компанийн барьсан 4G болон шилэн кабелийн сүлжээг ашиглалтад оруулах арга хэмжээнд оролцох байв. Мөн тус бүс дэх 4G сүлжээний чанарыг газар дээр нь шалгах зорилготой байжээ.
Тэд хилийн цэргийн нэвтрэх зөвшөөрөлтэй байсан бөгөөд үүнийг Хил хамгаалах ерөнхий газар 10 сарын 13-ны мэдэгдлээрээ баталсан. Долоон хүн компанийн хоёр машинаар зорчсон. Машины доод хэсэгт хуурай өвс наалдах эрсдэлтэй байсан тул тогтмол зогсож цэвэрлэж байжээ. Хоёр компани хоёулаа шалгалтад бүрэн хамтран ажиллаж, байгаль орчныг нөхөн сэргээхэд оролцоно гэж амласан байна.
Мобикомын мэдэгдэл Монголын олон нийтэд хандсан бөгөөд хохирол, хариуцлагаа шууд хүлээн зөвшөөрөхөд төвлөрсөн. Харин KDDI-ийн мэдэгдэл Японы уншигчдад хандсан. Түүний гол санаа нь үйл ажиллагаа эрх бүхий байгууллагын бүрэн хяналт, зааварчилгаан дор явагдсан гэдгийг онцлох байв.
Эрх бүхий байгууллагын шалгалт үргэлжилж байгаа энэ үед хэд хэдэн асуулт хариултаа хүлээсээр байна. Гал гарах мөчид машин явж байсан уу, эсвэл зогсож байсан уу? Томилолтын хүсэлтийг Сүмбэр боомтын захиргаа гаргасан уу, эсвэл Хилийн боомтын газар гаргасан уу. Галыг унтраах ажиллагаа байгууллагын зааврын дагуу явагдсан уу, эсвэл тусламж ирэхээс өмнө ажилтнууд өөрсдөө тэмцсэн үү. Эдгээр асуултын хариулт түймрийн хариуцлагыг хэн, хэрхэн хүлээхийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн, Монголын талаас ямар эрх бүхий албан тушаалтнууд хамт дагалдан явсан, хариу ямар арга хэмжээ авсан, Мобикомын захирлуудын машины урд хойно явсан автомашинд хэн хэн явсан, ямар зорилгтой дархан цаазат бүсэд нэвтэрсэн, аль аль хэсэгт зогсож саатсан зэрэг мэдээлэл өдий хүртэл нууц хэвээр байна.