УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүн 2026 оны есдүгээр сарын 29-ий өдөр Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүх задаргаагаар баталгаажуулсан хэлбэрээр онлайнд байршуулдаг байя гэсэн зорилготой байжээ. Тэгвэл энэхүү хуулийн төслийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ч олонхын саналаар дэмжигдсэнгүй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Цэнгүүн мэдээлэл өглөө.
Тэрээр "Хуулийн төсөлд гарын үсэг зурж, хамтран санаачилсан гишүүд нь хүртэл хэлэлцүүлгийн үеэр эсрэг санал өгснөөр санал хураалтаар дэмжүүлж чадсангүй. Санаачилсан хуулийн төслөө өөрөө эсрэг дараад унагаана гэдэг нь байж боломжгүй үйлдэл. Энэхүү үйл явдал итгэл үнэмшлээсээ буцаж байгаа нэг хэлбэр. Нөгөө талаас хууль санаачилсан хүмүүс хариуцлагатай байх ёстой атал ийм зүйл болсонд харамсаж байна. МАН маш том хатуу дэглэмтэй систем байна гэдэг нь эндээс харагдаж байна.
Монгол Улсын төсөв нам тэжээдэг төсөв байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгө юм бол анх төлөвлөх үеэс нь юунд төлөвлөж байна вэ гэдгээ иргэддээ харуулах ёстой. Харуулдаггүй учраас улсын төсөв хэлэлцэж байхад жил болгон хаа нэгтээгээс нууц файл гарч ирдэг. Энэ жил гэхэд Ерөнхий сайд Н.Учрал өөрийнхөө ээжийн сургуульд мөнгө тараах гэж байна гэсэн мэдээлэл гарлаа. УИХ-ын гишүүд хүртэл үүнийг үнэн худлаа эсэхийг нь төсвийн төсөл дээрээс харах боломжгүй байдаг. Учир нь төсөл дээр байгаа бүх мэдээлэл нэг баганад гэхэд 50-60 тэрбумаар маш бүхэл дүнтэй тоонууд байдаг. Уг нь иргэд, гишүүд бүгд нэг талбар дээрээс төсвийг ямар мөнгөн дүнтэй байна вэ, ирэх жил ямар санхүүжилт аль салбар луу орж байна вэ гэдгийг харах ёстой. Бид шилэн дансан дээрээс энэ мөнгөн дүн ийшээ гарсан байна гэж сүүлд нь олж мэддэг. Бүх юм дууссаны дараа цаана нь хэн ч хариуцлага хүлээхгүйгээр яваад өнгөрдөг тогтолцоотой. Уг нь анх төлөвлөхөд нь л тухайн хэрэггүй зардлуудыг гаргахгүй байх тал дээр анхаармаар байгаа юм. Энэ удаагийн чуулганаар хуулийн төсөл дэмжигдээгүй ч цаашид санал санаачилгаа гаргаад явна гэв.