Н.Учрал: 2037 он хүртэл сураггүй байсан ногдол ашгийг олж ирсэн Засгийн газар манайх гэдгийг хүлээн зөвшөөр
Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
–Оюу Толгойн ногдол ашгаар санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдээ татах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
–Засгийн газар Оюу толгойн ногдол ашгаар хэд хэдэн төсөл санхүүжүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын зургаан байнгын хороогоор асуудлыг хэлэлцэхэд 235 зарчмын зөрүүтэй санал гарсан байна. Зарчмын зөрүүтэй гэж нэрлэж байгаа ч зарчмын бус саналууд байна.
Засгийн газар хэлэлцээр хийж, ногдол ашиг авахаар тохиролцон, үр дүнд хүрч, УИХ-аараа албажуулах гээд явж байтал гишүүд 235 санал гаргасан. Гэвч эдгээр санал нь Засгийн газрын бодлоготой нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, анхдагч хуулийн төслөө татаж авах шийдвэр гаргалаа.
Дөнгөж сая харахад, И-Монгол системээр 106 мянган иргэн санал өгсний 57 хувь нь Хуримтлалын сангаараа дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулъя, 27 хувь нь Хуримтлалын санд хадгалъя гэсэн санал гаргасан байна. Тиймээс иргэдийнхээ саналыг хүндэтгэж, энэхүү хуулийн төслөө татан авч байна. Ингэснээр орж ирсэн ногдол ашгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд хийнэ. Тэгэхээр одоо хоёр их наядаар дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхгүй.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
–2023 оноос Хуримтлалын санд байгаа мөнгийг авч болно. Баялгийн сангийн хуульдаа өөрчлөлт оруулж, бэлэн мөнгө олгох асуудлыг ярих уу?
–Иргэдээс санал асуухдаа “Дансандаа авах уу?” гэж асуу гээд байсан. Хууль давж тэгж асууж чадахгүй. Баялгийн сангийн хуулийн дагуу Хуримтлалын санд хийж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах эсвэл Хуримтлалын санд хадгалах гэсэн хоёрхон сонголт байгаа. Хэрэв бэлэн мөнгөөр тараая гэвэл хуулиа өөрчлөх хэрэгтэй. Гол нь бид эдийн засгаа бодох ёстой.
Олж ирсэн нь буруудаж, ярьж байгаа, улстөржиж байгаа хүмүүс нь зөвдөнө гэж байхгүй. 17 жилийн дараа ногдол ашгийг олж ирсэн Засгийн газар бол манай Засгийн газар мөн. “Яаж зарцуулахыг УИХ-аараа шийд” гэдэг байр суурьтайгаар төслийг өргөн барьсан чинь сүүлдээ явсаар байгаад танихын аргагүй боллоо.
Гэхдээ энэ нь хэлэлцээрийн стратегид сөргөөр нөлөөлж байгаа. Учир нь Монгол Улс хуультай орон учраас гурван их наядыг хуулиар албажуулаад авчихсан бол хэлэлцээр хийхдээ ийм хэмжээний ногдол ашиг авахаар төрийн эрх барих дээд байгууллагаараа шийдсэн гэж хэлэх байсан.
Ногдол ашиг өгөхөөр шийдсэн ч хоёр тал санхүүгийн тооцоолол хийж, тоон дээрээ тохирч чадахгүй байна. УИХ баталчихвал хатуу тоотой хууль учраас “Яриа хэлэлцээр хийх шаардлагагүй” гэсэн байдлаар хэлэлцээр хийж байсан. Гэтэл “авна, авахгүй, шууд дансанд нь хий” гэх мэтээр улс төр маш их хийлээ. Үүд хаалга нээсэн үед зөвөөр хүлээж аваад шийдсэн бол уг нь их хэрэгтэй байлаа.
Эрчим хүчнийхээ асуудлыг Оюу толгойн ногдол ашгаар шийдэж чадахаа болилоо. Гэхдээ би дараагийн замыг сонгоно. VI дулааны цахилгаан станцыг дотоодын бонд босгож, 50 хувийг нь санхүүжүүлнэ. Олон жил ярьсан ч дуусдаггүй асуудлыг хоёр их наядаар шийдчихвэл ирээдүйд хэрэгтэй гэж үзээд төслийг өргөн барьсан. Хэрхэн батлах нь УИХ-ын бүрэн эрх. Олон санал хураагдаад сүүлдээ танигдахаа болих эрсдэлтэй байсан.
–“Онтрэ” талаас хоёр удаагийн гүйлгээгээр татварын дансанд 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Энэ хоёр лицензийг шилжүүлсэн үү?
–“Онтрэ”-гийн лиценз шилжих тухай ойлголт огт байхгүй. Яагаад гэвэл стратегийн ордын лиценз шилжүүлэх эсэх асуудлыг зөвхөн УИХ шийднэ. Тэгэхээр “Онтрэ”-тэй холбоотой хэлэлцээрийг бие даасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, УИХ-аар оруулж батлуулсан цагт шийднэ.
Түүнээс Засгийн газар хэлэлцээр хийхдээ “Онтрэ”-тэй холбоотой асуудлыг огт хөндөөгүй. Бид ямар нэгэн үүрэг, амлалт аваагүй. Үүнийг Ерөнхий сайд, Засгийн газар төлөөлдөггүй. УИХ-аар хөрөнгө оруулалтын гэрээгээ эцэслэн батлуулах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд өгсөн. Хөрөнгө оруулалтын гэрээгээ хийгээд, албажуулж чадвал УИХ-д оруулж танилцуулна. Түүнээс бид ямар ч үүрэг хүлээгээгүй.
Улс орныхоо эсрэг зүйл ярьж байгаа О.Батнайрамдал гишүүн ингэж болохгүй. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, 17 жил гаргаж чадаагүй үр дүнд хүрээд явж байна. Энэ бол хамаагүй ярьдаг сэдэв биш.
Татвар төлсөн, төлөөгүй гэдэг асуудал яриад байна. 2019 оны татварын системээр аж ахуйн нэгжүүд татвараа төлөхдөө өөрсдөө нэхэмжлэлээ цахимаар үүсгээд төлдөг. Жилийн эцсээр татварын өртэй бол илүү гарсныг нь буцаадаг.
Тэгэхээр тухайн компани өөрөө нэхэмжлэлээ үүсгэхэд ТЕГ-аас хоёр удаа нэхэмжлэл үүсгэхгүй гэсэн татгалзсан хариу өгсөн байна. Гэтэл компани өөрөө цахимаар нэхэмжлэл үүсгээд татвараа төлсөн байна. Хуулиас давж энэ татварыг буцаах боломжгүй. Эсвэл хуулиа өөрчлөх эрх нь УИХ-ын гишүүдэд байгаа.
Лиценз шилжүүлсэн, Засгийн газар үүрэг, амлалт өгсөн зүйл юу ч байхгүй. Харин ч би “Онтрэ”-гийн асуудлаар юу ч ярьдаггүй. Учир нь энэ бол УИХ-ын асуудал. Би ЗГХЭГ-ын дарга байхаасаа “Онтрэ”-тэй тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой гэж үздэг байсан.
–Худал мэдээлэл тараасан бол Засгийн газар залруулахгүй юм уу?
–Худал мэдээлэл тараасан гэж үзвэл бид гомдол гаргаж болно. Би Сангийн сайдад хэлнэ. “Онтрэ”-тэй холбоотой ажлын хэсгийг л байгуулсан. Лиценз шилжүүлэх, шилжүүлэхгүй байх эрх Засгийн газарт биш, УИХ-д байгаа.
Нэг л үнэн зүйл байгаа нь 2037 оноос нааш ногдол ашиг авахааргүй байсныг 10 жилээр наашлуулсан Засгийн газар бол манайх гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бид 2.7 нэгж хувиар бууруулсан Засгийн газар мөн.
“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал сүүлд Монголд ирэхдээ Монгол Улсад ногдол ашиг өгөх асуудлыг дахин баталгаажуулж байна гэж хэлсэн. Тоогоо бид хэлэлцээрийн ширээний ард ярьж байгаа. Гэхдээ тоог эцэслэхийн тулд УИХ-д өргөн мэдүүлж, хууль болгон батлуулаад шахалт үзүүлнэ гэж бодсон. Энэ бол хэлэлцээрийн стратеги. Оны өмнө тоон дээрээ тохироод дуусгана.