Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хуралдаан дөнгөж сая дууслаа. Тэгвэл уг асуудлаар Оюу толгойгоос авах 3 их наядын ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татахаар болсон байна. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "Засгийн газар 2027 оны төсвийг өргөн барихдаа Оюу толгойгоос авах 3 наядыг төсөвтөө тусгаж өргөн барьсан. Харин төсвийн төслийг хэлэлцэх явцад нам, эвсэлүүд, гишүүд хуульд байхгүй янз бүрийн асуудлыг гаргаж, иргэдийг төөрөгдүүлж байна. Мөн зургаан байнгын хороон дээр 250 орчим зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ нь ихэвчлэн Оюу толгойн ногдол ашгийн хөрөнгө оруулалтыг өөр зүйлд зарцуулах саналууд байна.Гэтэл Засгийн газар энэ санхүүжилтээр нийгмийн дэд бүтцийн суурь асуудлыг шийдвэрлэх саналыг УИХ-д оруулсан. Гэтэл төсөв маань танигдахгүй болсон. Нэг үгээр, Засгийн газрын бодлого алдагдаж байна. Мөн Ерөнхий сайд Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулахаа ард түмнээсээ асууж байгаа. Өнөөдрийн байдлаар 96.6 мянган иргэн саналаа өгсөн байна. 50 орчим мянга нь Оюу толгойн ногдол ашгийг Хуримтлалын сандаа хадгалах, 30 орчим мянган нь эрчим хүчний дэд бүтцийн төсөлдөө зарцуулах санал өгсөн. Тиймээс энэ хуулиа эгүүлэн татах шийдвэрийг Засгийн газар гаргалаа" гэв.