"Оюу толгой" компаниас 3 их наядын ногдол ашиг Монголын Засгийн газар авахтай зэрэгцээд "Онтрэ" компанийн эзэмшиж буюу Оюутолгой бүлэг ордын хоёр лицензийг "Рио Тинто" компани руу шилжүүлсэн, шилжүүлээгүй гэх асуудал гараад байгаа.Уг нь УИХ-ын хянан шалгах түр хорооноос 120 дугаар тогтоол гаргаж "Онтрэ" компанийн эзэмшиж буюу хоёр лиценз дээр тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Тэгвэл уг хоёр лицензийг "Рио Тинто" компани руу шилжүүлсэн байж болзошгүй татварыг Монголын татварын алба руу өнгөрсөн зургадугаар сард шилжүүлсэн баримт ил болоод байгаа. Тодруулбал, 24.3 тэрбум төгрөгийг Монголын татварын албаны данс руу хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байгаа юм. Гэхдээ манай Засгийн газраас энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бөгөөд харин гаднын сайтад энэ талаар мэдээлсэн гарсан талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлсэн. Тэрээр "Оюутолгойн бүлэг ордын хоёр лицензийн эзэмшдэг "Онтрэ"-гийн толгой компани саяхан нэг мэдэгдэл гаргасан. Үр дагавраараа хэдэн тэрбум ам.долларын асуудал яригдана. "Онтрэ" компани өөрийн харьяалалд байгаа Шивээтолгой, Жавхлант хоёр лицензийг "Оюу толгой" компанид шилжүүлэх татвараа төлж, тодорхойлолт авах ёстой. Ийм процесс явж байсан учраас Хянан шалгах түр хороо байгуулсан. УИХ-ын гишүүд 120 дугаар тогтоол баталж, "Онтрэ" дээр хөрөнгө оруулалтын гуравдагч том гэрээг байгуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Гэтэл "Онтрэ"-гийн захирлын гаргасан мэдээлэлд 2026 оны зургадугаар сард Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөгийг татвар болгон шилжүүлсэн байна. Үүнийг гаднын сайтаас харж мэдлээ. Татвар төлсөн мэт сонсогдож байгаа ч үр дагавар маш том. "Онтрэ" дээр хэлцэл явагдаж байгаа. Лиценз шилжүүлэхэд хоёр үйл ажиллагаа хийгдэх шаардлагатай. Стратегийн ач холбогдол бүхий ордын лиценз УИХ-ын бүрэн эрхийг давж шилжих гээд байсныг Хянан шалгах түр хороо гаргаж зогсоосон. Харин гуравхан сарын өмнө "Онтрэ" лицензээ "Оюу Толгой"-д шилжүүлэх татварын бодолтоо хийгээд 24.3 тэрбум төгрөг өгчихлөө. Энэ юу болоод байна вэ. Гурван их наядын ногдол ашиг авна гээд "Онтрэ"-гоо тавиад туучхаж байгаа юм биш биз. Энэ үнэн бол стратегийн ач холбогдол бүхий хоёр лиценз чинь "Оюу Толгой" руу шилжчихсэн юм байна. Хэрвээ шилжсэн бол УИХ-ын бүрэн эрхийг давж шийдвэр гаргасан байна.