Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ГБХНХЯ-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгохыг шаардаж өнөөдөр жагслаа. Тус холбоо болон 35 гишүүн байгууллагууд нь хамтран үндэсний хэмжээнд хамтын сонирхлын маргаан үүсгэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.
Жагсаалын үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна. Хөдөлмөрийн харилцааг зөвхөн төр дангаараа шийддэггүй. Ажил олгогч, ажилтан өөрсдөө хамтран оролцдог харилцаа. Энэ харилцааг зохицуулсан хэм хэмжээг төр өөрөө үгүйсгэж, баталсан хуулиа зөрчиж байгааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зүгээр өнгөрөөхгүй. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд цаашид асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэхгүй, тэмцлийн хэлбэрт шилжиж, дараагийн арга хэмжээнүүдээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.
Тэдний мэдээлснээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогч, төр болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хамтран зөвшилцөж, Үндэсний хорооны шийдвэрээр баталгаажуулсан байна. Гэвч салбарын сайд уг шийдвэрийг зарласнаас хэдхэн хоногийн дараа үгүйсгэсэн байр суурь илэрхийлсэн байна. Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн түншлэлийн хүрээнд асуудлыг зөвшилцлөөр шийдвэрлэхийг зорьж, холбогдох байгууллагуудад мэдэгдэл, шаардлага хүргүүлэн, хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж байр сууриа илэрхийлсэн ч үр дүнд хүрээгүй байна.
Түүнчлэн 2027 оны улсын төсвийн төсөлд хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай зардлыг тусгаагүйгээс гадна боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт байгуулсан хамтын хэлэлцээрээр ирэх онд хэрэгжүүлэхээр тохирсон цалингийн нэмэгдлийг бүрэн тусгаагүй. Хэлэлцээрээр тохирсон цалингийн нэмэгдлийг бүрэн тусгаагүй байж цалин хөлсийг огцом нэмэгдүүлж байгаа мэтээр цахим орчинд мэдээлж, олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна хэмээн шүүмжилсэн юм.