Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо зохион байгуулав.
Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээснийг тэмдэглэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар баяжуулах, Германы дэвшилтэт технологи, ноу-хауг Монгол Улсын нөөц боломжтой уялдуулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, бизнес эрхлэгчдийг хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бодит ажил хэрэг болгохыг уриалав.
Бизнес форумын хүрээнд Монгол Улсын аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, хөгжил, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.