Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өчигдөр нийслэлийн МАН-ын хорооны даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэв. Ирэх сарын 7-нд болох нийслэлийн намын хорооны Бага хурлаар Х.Нямбаатарыг чөлөөлж, Б.Пүрэвдагвыг сонгох биз ээ.
Намын дарга Ерөнхий сайд, Засаг дарга байна гэдэг зарчмаараа Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг энэ удаад өрсөлдөгчгүйгээр Нийслэлийн намын хорооны дарга болгохоор МАН-ын удирдлагууд хэдийнэ шийдсэн гэдэг мэдээлэл бий. МАН бол удирдлага нь шийдвэр гаргаж, шат шатны байгууллагаараа уг шийдвэрийг нь баталгаажуулдаг, дотроо ардчилалгүй нам гэж хэлж болно. Саяхан л Х.Нямбаатарыгаа дэмжиж, 100 хувийн саналаар Нийслэлийн Засаг дарга болгож байсан Нийслэлийн намын хорооны Бага хурлынхан дарга нарынхаа шийдвэрээр мөн л Х.Нямбаатарыг чөлөөлж, Б.Пүрэвдагвыг намын даргаараа сонгоно.
Жилийн өмнө л 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчний даргаар сонгогдсон Н.Учрал Нийслэлийн намын хорооны дарга Х.Нямбаатартай Ерөнхийлөгчийн сонгуульд баг болж орохгүй, нийслэлийн намын удирдлагыг авахаар улс төр хийж байгаа нь хэн бүхэнд ил болсон. МАН-ын хуваагдлын дүнд 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуульд намаа удирдан орж ялалт байгуулсан талаасаа бүх албан тушаалыг нь авч байгаа одоогийн удирдлагууд өөрсдөө хэдхэн сарын дараа дүнгээ тавиулна. Тодруулбал, МАН-ын одоогийн удирдлагууд хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиар дүнгээ тавиулж, цааш үргэлжлүүлэн нам, засгаа удирдах уу, үгүй юү гэдгээ ард түмнээрээ шийдүүлнэ.
МАН-ын хуваагдал 70, 80-аад оныхон гэсэн агуулга дээр эхэлж байсан бол эцсийн дүнд намын дарга, Ерөнхий сайдыг нь 1986 онд төрсөн Н.Учрал, нийслэлийн намын хороо, нийслэлийн Засаг даргыг нь 1990 онд төрсөн Б.Пүрэвдагва нар авлаа. Ах нарынхаа зөрчил тэмцэл, нөгөө талд дэмжлэгээр өнөөдрийн нам засгийн тэргүүнд сонгогдож, томилогдсон Н.Учрал, Б.Пүрэвдагва нар Ерөнхийлөгчийн сонгуулиар дүнгээ тавиулна. Ирэх оны зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулж чадахгүй бол багаараа хариуцлага хүлээж, огцорно.