М.Мөнхзул: Өвчнийг эрт оношлох тусам хөхийг хадгалах боломж нэмэгддэгМ.Мөнхзул: Өвчнийг эрт оношлох тусам хөхийг хадгалах боломж нэмэгддэг
Нийтэлсэн 2026 оны 10 сарын 21
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Олон нийтийн эрүүл мэндийн боловсролд зориулан хөхний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл, эрт илрүүлэг, оношилгоо, орчин үеийн эмчилгээний талаар Интермед IUHW эмнэлгийн Хавдар судлалын эмч М.Мөнхзултай ярилцлаа.
-Юуны өмнө хөхний хорт хавдар гэж ямар өвчин болох, Монгол Улсад хэр түгээмэл тохиолдож байна, хөхний хорт хавдартай хүмүүсийн хэдэн хувь нь эрт үедээ оношлогддог вэ зэрэг мэдээллээс уншигчдад хуваалцана уу?
-Хөхний хорт хавдар нь хөхний эсүүдийн хяналтгүй өсөлт, үржлээс үүсдэг өвчин юм. Хэвийн үед эсүүд тодорхой зохицуулалттайгаар хуваагдаж, өсөж үрждэг бол хавдрын үед энэ зохицуулалт алдагдаж, эсүүд хяналтгүй үржсэнээр хавдар үүсдэг.
Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хавдрын хоёрдугаарт ордог. Монгол Улсад жилд дунджаар 250–300 шинэ тохиолдол бүртгэгддэг. Олон улсад хөхний хорт хавдар ихэвчлэн 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Харин манай улсад харьцангуй залуу насны эмэгтэйчүүд өвчлөх тохиолдол ажиглагддаг.
Манай улсад хөхний хорт хавдрын тохиолдлын ойролцоогоор 65 хувь нь I–II шатандаа оношлогддог бөгөөд үлдсэн хэсэг нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь анхаарах асуудал хэвээр байна. Тиймээс охид, эмэгтэйчүүд маань ямар нэгэн зовуурь илрэхийг хүлээлгүй, нас болон эрсдэлдээ тохирсон үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Хөхний хорт хавдар үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ. Сүүлийн үед стресс болон жирэмслэлтээс хамгаалах дааврын эм хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлж байна гэж ярих болсон. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Эрсдэлт хүчин зүйл олон. Юуны өмнө нас ахих тусам хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Мөн сарын тэмдэг эрт ирэх, цэвэршилт хожуу явагдах зэрэг дааврын нөлөөлөлтэй холбоотой хүчин зүйлс бий. Түүнчлэн, цэвэршилтийн дараах таргалалт, хөдөлгөөний хомсдол эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өөхөн эд нь зөвхөн өөх тос хуримтлуулахаас гадна дааврын солилцоонд оролцдог. Тиймээс илүүдэл жинтэй байх нь, ялангуяа цэвэршилтийн дараах үе хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Мөн гэр бүлийн болон удамшлын өгүүлэмж чухал. Ээж, эгч, охин зэрэг ойрын хамаатанд хөхний эсвэл өндгөвчний хорт хавдар тохиолдож байсан бол тухайн хүний эрсдэлийг үнэлж, шаардлагатай тохиолдолд генетикийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Стресс нь хүний бие махбод, дааврын зохицуулалт, амьдралын хэв маягт нөлөөлж болох ч стрессээс болж хөхний хорт хавдар шууд үүсдэг гэж дүгнэж болохгүй.
Жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийн хувьд хэрэглэж буй бэлдмэлийн төрөл, хугацаа болон тухайн хүний эрсдэлт хүчин зүйлээс хамаарч эрсдэлийг үнэлэх шаардлагатай. Харин цэвэршилтийн үеийн зовуурийг бууруулах зорилгоор хэрэглэдэг эстроген, прогестерон агуулсан даавар орлуулах эмчилгээ нь хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд удаан хэрэглэх тусам эрсдэл нэмэгддэг. Иймээс эдгээр эмчилгээний ашиг тус, эрсдэлийг эмчтэй хамт үнэлж, хэрэглэх явцад тогтмол хянуулах нь чухал.
-Эмэгтэйчүүд хэдэн наснаас хөхний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй вэ. Гэртээ хөхөө хэрхэн тогтмол шалгах мөн ямар өөрчлөлт гарвал эмчид шууд хандах хэрэгтэй вэ?
-Монгол Улсад мөрдөж буй эрт илрүүлгийн удирдамжийн дагуу 40-өөс дээш насны эмэгтэйчүүд урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах шаардлагатай. Тухайн хүний нас, эрсдэл болон эмчийн үнэлгээнээс хамааран маммографи, хөхний хэт авиан шинжилгээг сонгож, шаардлагатай давтамжаар хийнэ. Гэхдээ 40 нас хүрэхийг хүлээгээд суу гэсэн үг огт биш. Удамд нь хөхний болон өндгөвчний хорт хавдар тохиолдож байсан, удамшлын эрсдэлтэй эсвэл хөхөнд нь ямар нэгэн өөрчлөлт илэрсэн охид, эмэгтэйчүүд аль болох эрт үед нь эмчид хандах хэрэгтэй.
Хөхөө тогтмол шалгах нь биеийн хэвийн байдлаа мэддэг байх, шинэ өөрчлөлтийг анзаарах ач холбогдолтой. Хөхөнд овгор, хатуурал үүссэн эсэх, арьс татагдах, хэлбэр өөрчлөгдөх, хөхний толгой дотогш татагдах, цустай эсвэл хэвийн бус шүүрэл гарах, суга орчмын тунгалгийн булчирхай томрох зэрэг шинж тэмдэгт анхаарах хэрэгтэй. Гэхдээ эдгээр шинж тэмдэг илэрлээ гээд заавал хорт хавдар гэсэн үг биш. Хөхөнд хоргүй олон төрлийн өөрчлөлт үүсэж болно. Өөрөө тэмтрээд ямар ч өөрчлөлт мэдрэгдэхгүй байгаа нь хавдаргүй гэсэн баталгаа болохгүй. Хэрэв сэжигтэй өөрчлөлт илэрвэл мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай дүрс оношилгоо болон эдийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Дүрс оношилгоогоор өөрчлөлтийн шинж чанар, хорт хавдрын сэжигтэй эсэхийг үнэлнэ. Шаардлагатай тохиолдолд биопси буюу эдийн шинжилгээ авсны үндсэн дээр оношийг баталгаажуулдаг.
Хөхөнд хатуурал мэдрэгдсэн үед айж сандрахын оронд шалтгааныг нь мэргэжлийн эмчээс тодруулах нь зөв
- Сахар, чихэрлэг хүнс хавдрын эсийг тэжээдэг гэдэг ойлголт хэр үндэслэлтэй вэ?
-Хорт хавдартай гэж оношлогдсон хүмүүсийн дунд сахар огт хэрэглэхгүй байх ёстой, сахар идэхээр хавдар томордог гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэхдээ сахар шууд хөхний хорт хавдар үүсгэдэг, эсвэл сахар хэрэглэхээ зогсоосноор хавдрын эсийн өсөлтийг зогсоож болно гэдгийг нотолсон хангалттай үндэслэл байхгүй. Тиймээс сахарыг бүрэн хориглох нь хавдрын эмчилгээний арга биш юм. Харин сахарын хэт их хэрэглээ нь илүүдэл жин, таргалалтад хүргэж болзошгүй. Таргалалт өөрөө хөхний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл учраас тэнцвэртэй хооллож, жингээ хэвийн барих нь чухал.
-Тэгвэл хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд амьдралын хэв маягтаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Жингээ хэвийн барих, тогтмол хөдөлгөөн хийх, архины хэрэглээг хязгаарлах, тэнцвэртэй хооллох нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Долоо хоног бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь олон төрлийн өвчний эрсдэлийг бууруулахад тустай. Гэхдээ амьдралын хэв маягаа зөв зохицууллаа гээд хорт хавдраас бүрэн хамгаалагдана гэсэн үг биш. Нас, удамшил, дааврын нөлөөлөл зэрэг бидний өөрчлөх боломжгүй хүчин зүйлс ч бий. Тиймээс урьдчилан сэргийлэх дадал хэвшил болон эрт илрүүлгийг хамтад нь авч үзэх шаардлагатай.
-Хөхний хорт хавдрыг эмчлэхэд хими эмчилгээ, бай эмчилгээ, дархлаа эмчилгээний аргуудыг ашигладаг. Эдгээр эмчилгээ юугаараа ялгаатай вэ?
-Хавдрын үе шат, эсийн төрөл, биологийн онцлог болон тухайн хүний биеийн байдлаас шалтгаалан эмчилгээний төлөвлөгөө өөр, өөр байдаг. Хими эмчилгээ нь хавдрын эсийн өсөлт, хуваагдлыг дарангуйлах эмийн эмчилгээ юм. Харин бай эмчилгээ нь хавдрын эсийн өсөлт, үржилд оролцдог тодорхой молекул, уураг эсвэл дохиоллын замыг онилж үйлчилдэг. Гэхдээ тухайн эмчилгээнд мэдрэг молекулын онцлогтой хавдрын үед л үр дүнтэй.
Дархлаа эмчилгээ нь хүний дархлааны тогтолцоонд хавдрын эсийг таньж, тэдгээрийн эсрэг хариу үйлдэл үзүүлэхэд нь тусалдаг. Тухайлбал, гурвалсан сөрөг хөхний хорт хавдрын тодорхой тохиолдолд дархлаа эмчилгээг хими эмчилгээтэй хослуулан хэрэглэх боломжтой. Гэхдээ энэ эмчилгээ бүх өвчтөнд тохирохгүй бөгөөд хавдрын үе шат, биомаркерын шинжилгээний үр дүн болон эмчилгээний заалтаас хамаарна.
Тиймээс эдгээр эмчилгээний аль нэгийг бүх тохиолдолд илүү үр дүнтэй гэж үзэх боломжгүй. Хамгийн чухал нь хавдрын онцлогийг нарийвчлан тодорхойлж, тухайн өвчтөнд тохирсон эмчилгээний аргыг сонгох юм.
-Хөхийг бүхэлд нь авахгүйгээр зөвхөн хавдрыг авах боломж байгаа юу. Мэс заслын дараа хөхийг бүрэн нөхөн сэргээх боломжтой юу?
-Хөхний хорт хавдар эрт үедээ оношлогдсон бол хавдартай хэсгийг авч, хөхийг хадгалах мэс засал хийх боломжтой. Үүний дараа хавдрын төрөл, үе шат болон эмчилгээний заалтаас хамааран туяа эмчилгээ, хими эмчилгээ, дааврын эмчилгээ эсвэл бусад эмчилгээг хийж болно. Харин хавдрын хэмжээ, тархалт, байрлал болон бусад эмнэлзүйн нөхцөлөөс хамааран хөхийг бүхэлд нь авах шаардлага гарч болно. Зарим тохиолдолд нөхөн сэргээх мэс заслыг хавдрын мэс засалтай хамт эсвэл дараа нь хийх боломжтой.
Эндээс эрт илрүүлгийн ач холбогдол харагдана. Өвчнийг эрт үед нь оношлох тусам эмчилгээний сонголт нэмэгдэж, хөхийг хадгалах боломж ч илүү байдаг.
-Цусны шинжилгээгээр хавдар илрүүлэх буюу шингэн биопсийн арга хэр ирээдүйтэй вэ?
-Шингэн биопси нь цус зэрэг биеийн шингэнээс хавдартай холбоотой генетикийн болон бусад биомаркерыг илрүүлэхэд чиглэсэн арга юм. Энэ нь зарим тохиолдолд эмчилгээний үр дүнг хянах, хавдрын молекулын өөрчлөлтийг үнэлэхэд ач холбогдолтой.
Гэхдээ одоогоор хөхний хорт хавдрыг нийт хүн амд дан ганц цусны шинжилгээгээр найдвартай илрүүлэх стандарт арга гэж үзэх боломжгүй. Шинжилгээний зориулалт, мэдрэг чанар, хуурамч сөрөг болон эерэг үр дүнгийн эрсдэлийг харгалзах хэрэгтэй. Иймээс шингэн биопси нь маммографи, хэт авиан шинжилгээ болон шаардлагатай үед хийх эдийн шинжилгээг орлохгүй.
-Ихэнх оронд хиймэл оюун ухааныг хөхний хорт хавдрын оношилгоонд ашиглаж байна. Монголд энэ аргыг ашиглах боломж хэр байна вэ?
-Хиймэл оюун ухааныг дүрс оношилгоонд ашиглах судалгаа, хэрэглээ олон улсад эрчимтэй хөгжиж байна. Маммографийн зургийг хиймэл оюун ухаанаар шинжлэх нь сэжигтэй өөрчлөлтийг илрүүлэхэд эмчид туслах, зарим тохиолдлыг алдах эрсдэлийг бууруулах боломжтой.
Манай Интермед эмнэлэгт уушгины рентген зурагт хиймэл оюун ухаанд суурилсан технологийг ашиглаж эхэлсэн. Харин хөхний маммографийн шинжилгээнд ийм технологийг цаашид нэвтрүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ хиймэл оюун ухаан нь эмчийг бүрэн орлох хэрэгсэл биш. Шинжилгээний хариуг өвчтөний түүх, эмнэлзүйн үзлэг болон бусад шинжилгээтэй уялдуулан мэргэжлийн эмч тайлбарлах шаардлагатай.
-BRCA1, BRCA2 генийн мутаци хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг хэр нэмэгдүүлдэг вэ. Ямар тохиолдолд эдгээр генийн шинжилгээ хийлгэх шаардлагатай вэ?
-Хөхний хорт хавдрын зарим тохиолдол удамшлын генийн өөрчлөлттэй холбоотой байдаг. BRCA1, BRCA2 нь хүний биед байдаг, эсийн хэвийн үйл ажиллагаа болон ДНХ-ийн гэмтлийг засахад оролцдог генүүд юм. Харин эдгээр генд эмгэг төрүүлэгч мутаци буюу өөрчлөлт үүссэн тохиолдолд хөхний болон өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг.
Ялангуяа ээж, эгч, охин зэрэг ойрын хамаатанд хөхний эсвэл өндгөвчний хорт хавдар оношлогдож байсан, гэр бүлийн хэд хэдэн хүн эдгээр хавдраар өвчилсөн, эсвэл хөхний хорт хавдар залуу насанд оношлогдсон бол удамшлын эрсдэлээ эмчээр үнэлүүлэх шаардлагатай. Мөн хөхний хорт хавдраар оношлогдсон зарим хүнд эмчилгээний тактик болон цаашдын эрсдэлийг тодорхойлох зорилгоор уг шинжилгээг зөвлөдөг.
Шинжилгээ хийх шаардлагатай эсэхийг эмч тухайн хүний өвчний түүх, гэр бүлийн өвчлөлийн мэдээлэл болон бусад эрсдэлт хүчин зүйлд үндэслэн шийднэ. Шаардлагатай тохиолдолд цус эсвэл шүлсний сорьцоор BRCA1, BRCA2 генийн шинжилгээ хийж болно.
Гэхдээ эдгээр генийн эмгэг төрүүлэгч мутаци илэрсэн нь тухайн хүн заавал хорт хавдраар өвчилнө гэсэн үг биш. Харин өвчлөх эрсдэлээс сэргийлж эрт илрүүлгийн үзлэгт тогтмол хамрагдах, шаардлагатай тохиолдолд эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах боломжтой. Иймээс шинжилгээний хариуг генетикийн зөвлөгөө болон эмчийн үнэлгээтэй хамт авч үзэх нь чухал юм.
-Хөхний хорт хавдрын талаар эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой хамгийн чухал зүйл юу вэ?
-Юуны өмнө урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгтээ тогтмол хамрагдах хэрэгтэй. Мөн өөрийн хөхний хэвийн байдлыг мэддэг байж, өмнөхөөсөө өөрчлөгдсөн шинж тэмдэг илэрвэл анзаарах нь чухал. Хөхөнд овгор, хатуурал үүсэх, арьс болон хөхний толгой өөрчлөгдөх, хэвийн бус шүүрэл гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд, хавдрын маркерын шинжилгээ хэвийн гарсан нь хөхний хорт хавдар байхгүй гэсэн баталгаа биш. Хавдрын маркер нь хөхний хорт хавдрыг дангаар нь оношлох зориулалттай шинжилгээ биш учраас шаардлагатай дүрс оношилгоо, эмчийн үзлэгийг орлож чадахгүй. Мөн бусдын зөвлөгөө, баталгаагүй мэдээлэлд тулгуурлан өөрийгөө оношлох, шинжилгээгээ хойшлуулахгүй байх хэрэгтэй. Өөрт тохирсон үзлэг, оношилгоо, эмчилгээний талаар мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх нь хамгийн зөв алхам юм.