Иргэдийг орон сууцжуулах “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр болон "Солонго I, II" төслийн түрээс, түрээслээд өмчлөх орон сууцны талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлэл өглөө. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Монгол Улсад 2027–2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрийн хүрээнд орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн нөхцөлийг бүсчлэлээр тогтоох, 50 мянган янданг бууруулж, газрын чөлөөлөлт хийхээр төлөвлөсөн. Мөн орон сууц худалдан авахад иргэдэд тулгардаг урьдчилгаа төлбөрийн ачааллыг бууруулах зорилгоор урьдчилгаагүй орон сууцны хэд хэдэн хувилбар ярьж байгаа.Тухайлбал, орон сууц худалдан авагчийг түрээслэх, түрээсийн төлбөрөөс хуримтлал үүсгэн өмчлөхөд шилжих, хамтран өмчлөх, газар ашиглах зэрэг хувилбарыг тусгасан. Түрээсийн төлбөрөөс хуримтлал үүсгэх болон хамтран өмчлөх зохицуулалт нь урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх боломжгүй иргэдэд чиглэхээр байна.Орон сууцны дэмжлэгийг зорилтот бүлэгт хүргэхийн тулд үнэн, зөв шалгаруулалт явуулна. Төр шалгаруулалтад оролцохгүй, зөвхөн газар чөлөөлөлт, дэд бүтцийн ажилд л оролцоно.