Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймэр, баавгайн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ гэхчлэн дөрвөн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Ийнхүү хуралдаанаар дараах шийдвэр гаргасныг БОУАӨ-ийн сайд Ц.Сандар-Очир танилцууллаа.
Цаг уурын өртөөний ажилтнуудын цалинг 50 хувь нэмнэ
2026 оны Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдийн цалин ирэх сарын 1-ээс 50 хувиар нэмэхээр болсон. Энэ дагуу байгаль орчны салбарын нийт 2915 төрийн албан хаагч, 2100 орчим төрийн үйлчилгээний албан хаагчдийн цалин нэмэгдэж байна. Тодруулбал, төрийн үйлчилгээний IV зэрэглэлд хамрагддаг сум орон нутгийн цаг уурын өртөөний харуул техникийн ажилтнууд сард дунджаар 1,3 сая төгрөг, нэмэгдэл аваад 2 сая төгргөгийн цалин авдаг байсан бол ирэх сарын 1-ээс үндсэн цалин нь 2 сая, нэмэгдэлтэйгээ 3 сая төгрөгийн цалин авдаг болно.
Баавгайг тоолох ажлыг ирэх оноос эхлүүлнэ
Баавгай суурьшлын бүс рүү орж ирж буйтай холбоотойгоор 9 аймагт 1500 хүний бүрэлдэхүүнтэй 98 хөдөлгөөнт баг ажиллаж байна. Тэд 150 орчим машин, 159 галт зэвсэг ашиглаж байгаа. Сүүлийн үеийн мэдээллээс харахад баавгайн дуудлага мэдээлэл харьцангуй багасаж байна. Өмнө нь долоо хоногт 50-60 дуудлага ирдэг байсан бол өчигдөр 7 дуудлага бүртгэгдсэн. Салбарын яамнаас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан 4 багц тендер сонгон шалгаруулалт зарласан. Хоёр багцад оролцогч компаниуд шалгарч гомдлын хоногоо хүлээж байгаа бол үлдсэнд нь оролцогч хараахан ороогүй байгаа. Цаг агаар хүйтэрч орон нутгийн айлууд өвөлжөөндөө буух зэрэг ажил өрнөж буй цагт анхаарал болгоомжоо сулруулж болохгүй. Өвлийн удиралд баавгай ичих ёстой ч ичихгүй байна. Харин хавар болохоор ичээнээсээ гарч, идэш тэжээл хайх асуудал гарах эрсдэлтэй. Иймээс цаашид Засгийн газрын хуралдаан дээр дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Ирэх жил салбарын яамнаас сүүлийн 40 орчим жил хийгдээгүй баавгайг тоолно.