СЗХ-ноос хийсэн шалтгалтаар иргэд, аж ахуйн нэгж ББСБ-аас барьцаатай буюу уламжлалт зээл авахад зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байгаа бол технологид суурилсан, аппликейшнээр дамжуулан зээл олгодог байгууллагууд хуульд заасан сарын 4.5 хувийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүтэй зээлийг олгож байгаа илэрсэн байна. Иймээс иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн нөхцөлийг ил тод хариуцлагатай болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор ББСБ-уудын сарын зээлийн хүүг дээрх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэрийг ээлжит хуралдаанаар гаргажээ.
Мөн иргэд нэгэн зэрэг олон зээлтэй болох, зээлийн давхардал үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай бүрд холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор бүрэн, шуурхай нийлүүлж байхаар болов.
Зээлийн хүүгийн тогтоосон дээд хэмжээг зөрчсөн ББСБ-д иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах аж.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үндсэн төлбөр, хүүгээс гадна иргэдэд нэмэлт санхүүгийн дарамт үүсгэж байгаа зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамжийг зохицуулах зорилгоор холбогдох хууль тогтоомж, журамд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.