Улсын ерөнхий Прокурорын байгууллагаас “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг энэ оны зургаадугаар сараас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тус аяны гол зорилго нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлэх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд оршино.
Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран төр, захиргааны байгууллагуудтай уулзалт хийж, иргэдэд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэх, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудад экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах зэрэг олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.
Үүнээс гадна Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдалд сүүлийн таван жилийн байдлаар судалгаа хийлээ. Судалгаагаар тус дүүргийн нутаг дэвсгэрт 53 гэмт хэрэг үйлдэгдсэнээс 54.7 хувь нь байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 2,7 тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлсэн байна.