Л.Ариунсан: Ажилчдын цалингаас хэмнэлт хийх нь хамгийн буруу менежментЛ.Ариунсан: Ажилчдын цалингаас хэмнэлт хийх нь хамгийн буруу менежмент
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга Л.Ариунсантай уул уурхайн салбарын ажилчдын ажил, амралтын хоногийн талаар ярилцлаа. Манай улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уул уурхайн салбарын уртын ээлжээр ажилладаг ажилтнуудыг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалттай болгосон билээ.
–2021 онд Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, уурхайн ажилтнуудын ажил, амралтын хугацааг 14:14 болгон өөрчилсөн. Гэтэл дахин хуульд өөрчлөлт оруулж, 20:10 болгох санал гарч байгаа юм билээ.
–Ажил, амралтын хоногийг анх яагаад 14:14 болгож өөрчилсөн бэ гэдгээс эхлээд ярих хэрэгтэй. Манай компанийн хувьд хуулийнхаа дагуу 14:14 хоногийн хуваариар ажиллаж байгаа. Ер нь манай компани ажил, амралтын хоногийн зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуульд оруулахаас өмнө буюу 2013 оны тавдугаар сараас 14:14 хуваарийг мөрдөж эхэлсэн юм.
Уул уурхайн салбарт анх буюу 1990-ээд онд ростерын зохицуулалт гэж байгаагүй. Ажилчид хавар гараад л намар ирдэг байсан. Сүүлд “Бороо Гоулд”, “Оюу Толгой” зэрэг компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ростерын зохицуулалт бий болсон. Гэхдээ ажил, амралтын хоног тогтсон хуваарьгүй, ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлж, харьцангуй богино хугацаанд амардаг байлаа.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Энэ нь буруу юм байна гэж үзээд манай компанийн Үйлдвэрчний эвлэлээс ажил, амралтын тэнцвэртэй харьцаа буюу 14:14 байх ёстой гэсэн санал гаргаж, ажил хэрэг болгосон. Анх энэ асуудал манай ажилчдын дунд ч хоёр талын байр суурь үүсгэж байсан. Учир нь нэг хэсэг нь цалин буурна гэж үзэж байв. 14 хоног ажиллаад 14 хоног амарвал цалингийнхаа талыг алдчихна гэж ойлгож байсан юм. Гэхдээ хамгийн чухал нь бидний эрүүл мэнд, гэр бүл. Цалин хөлс бол цаг хугацааны явцад өсөж байх ёстой гэж үзсэн. Тиймээс үйлдвэрчний эвлэл эхлээд 14:14 хуваарьт шилжихийг шахаж шаардсаар байгаад хэрэгжүүлж байсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаас нь авч үзвэл, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс тэтгэвэрт гарсныхаа дараа удалгүй нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол өндөр байдаг.
Манай компани 10 жил хэрэгжүүлсний эцэст 14:14 хуваарийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгасан. Хуульд оруулснаар уул уурхайн салбарт уртын ээлжээр ажилладаг хүмүүсийн ар гэрийн амьдрал, нийгмийн баталгаа эрс сайжирсан. Манай компанийн хувьд гэр бүл салалт гэдэг асуудал бараг байхгүй болсон. Хүмүүс ч энэ өөрчлөлтийг маш эерэгээр хүлээн авсан.
Цаашид ч хуулийн хэрэгжилтэд манай үйлдвэрчний эвлэл сонор соргог хандаж ажиллана. Сүүлийн үед 14:14 хуваарийг өөрчилж, болих санал, санаачилга дахин гарч байгаа юм байна. Би ганц нэг УИХ-ын гишүүнтэй уулзсан. Голдуу ажил олгогч талаас ийм санал гаргаж байгаа юм билээ.
–Компаниуд ажилчдаа илүү олон хоног ажиллуулж, бага цалин өгөх сонирхолтой байгаа байх?
–Тийм ээ, яг үнэн. Гэхдээ ажилчдын цалингаас хэмнэлт хийнэ гэдэг хамгийн буруу сонголт. Гэхдээ үйлдвэрчний эвлэл зөвхөн ажилчдын талаас асуудлыг хардаггүй. Ажилтны болон ажил олгогчийн эрх ашиг тэнцвэртэй хангагдаж байж хууль бүрэн утгаараа хэрэгжинэ.
Ажилтны талаас авч үзвэл гэр бүлийн тогтвортой байдал, эрүүл мэнд, сэтгэлзүй гээд олон асуудлыг ярьж болно. Харин ажил олгогчдын зүгээс зардал их байна гэсэн байр суурийг илэрхийлдэг. Энэ талаас нь бид ч багагүй судалдаг. Ажилтныхаа цалингаас хэмнэлт хийх нь хамгийн буруу менежмент.
–Компаниудаас УИХ-ын гишүүдэд ажил, амралтын хуваарийг 20:10 болгох санал тавьж байгаа гэж байна. Ний нуугүй хэлэхэд, манай УИХ лоббид автах тохиолдол бий. Уул уурхайн мөнгөтэй компаниудын лоббид ороод Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 20:10 болгочихвол яах вэ?
–Энд хамгийн чухал нь Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийн тухай Үндсэн хуулийн зарчим яригдах ёстой. Уул уурхайн компаниудад яагаад лиценз олгож, байгалийн баялгийг ашиглуулж байгаа юм бэ. Хэний төлөө юм бэ. Компаниудын төлөө юм уу, энэ улс орны төлөө юм уу гэдгийг зөв тодорхойлчихвол асуудлын эрэмбэ, дараалал зөв гараад ирнэ.
Нөгөө талаар, УИХ-д лобби хийж, хуульд өөрчлөлт оруулахад ажилчид бидний дуу хоолой үнэхээр хүрдэггүй.
–Танай компани шинэ удирдлагатай болсон. Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ? Төрийн өмчит уул уурхайн компаниудын, ялангуяа танай компанийн удирдлага Засгийн газар өөрчлөгдөх бүрд солигддог. Энэ нь ажилчдын эрх ашиг зөрчигдөхөд хүргэдэг үү?
–Манай компани засаглалын хувьд тогтворгүй байдаг. Таны хэлсэнчлэн Засгийн газар солигдох бүрд манай компанийн удирдлага солигдох талтай. Гэхдээ үйлдвэрчний эвлэл сайн ажиллаж байгаа учраас ажилчдыг халахаас илүүтэйгээр дотооддоо бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн хийж байна. Одоогийн байдлаар шинэ удирдлагууд ирснээс хойш ажилтан халсан тохиолдол байхгүй.
Компанийн тухай хуулиар гүйцэтгэх захирал бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөх бүрэн эрхтэй. Үүнийг бид хамтын гэрээгээрээ нарийн зохицуулсан байдаг учраас хүндрэлтэй асуудал үүсдэггүй.