Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикинтэй уулзаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар эм, вакцины зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх, хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав.
Эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Индонез Улсын Хүнс, эмийн хяналтын агентлаг 2025 онд вакцины зохицуулалтын чиглэлээр ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад багтсан нь чухал амжилт болохыг онцолж, хоёр улсын эмийн зохицуулалт хариуцсан байгууллагуудын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санал дэвшүүлэв.
Цахим эрүүл мэндийн туршлага солилцоно
Индонез Улсын Үндэсний эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг хөгжүүлсэн туршлагыг судалж, Монгол Улсад цахим эрүүл мэндийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.