Японы Сансар судлалын агентлаг (JAXA) Ангараг гарагийн дагуул Фобосын хөрснөөс дээж авч, дэлхийд хүргэх “MMX” төслийн сансрын хөлгийг аравдугаар сарын 20-нд хөөргөхөөр товложээ.Танегашима сансрын төвөөс орон нутгийн цагаар 04:41 цагт (монголын цагаар энэ нь шөнийн 03:41 цаг) хөөрөхөөр төлөвлөсөн уг хөлөг 2027 оны наймдугаар сард Фобосын тойрог замд хүрч, дагуулуудын бүтэц, үүсэл гарлыг судлах юм. Амжилттай хэрэгжвэл Ангараг гарагийн дагуулуудаас дээж авч, дэлхийд буцаан авчирсан анхны ажиллагаа болно.Төслийн хүрээнд сансрын хөлөг эхлээд Ангарагийн хоёр дахь дагуул Деймосыг судалж, дараа нь Фобосын гадаргууд өөрөө явагч төхөөрөмж буулгана. Төхөөрөмж тохиромжтой газардах цэгийг тодорхойлсны дараа хөлөг Фобосын гадаргууд бууж, робот гар болон тусгай багаж ашиглан хөрс, тоосноос дээж цуглуулах аж. Ойролцоогоор 10 грамм дээжийг тусгай капсулд хийж, 2031 онд Австралийн Вумера цөлд буцаан авчрахаар төлөвлөжээ.Эрдэмтэд дээжийн химийн болон эрдсийн найрлагыг судалснаар Фобос, Деймос хоёр хэрхэн үүссэнийг тогтоох боломжтой гэж үзэж байна. Таамаглалаар, Ангараг гарагт хүчтэй мөргөлдөөн болсны дараа үүссэн хэлтэрхийнүүдээс дагуулууд бүрэлдсэн бол нөгөө таамаглалаар, Нарны аймгийн өөр хэсгээс ирсэн астероидууд Ангарагийн таталцалд баригджээ.