ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг зогсоох асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт дээд хэмжээний уулзалт хийх санал тавьжээ. Путин аравдугаар сарын 9-нд Трамптай утсаар ярих үеэрээ уг санаачилгыг дэвшүүлсэн байна. Оросын тал дипломат сувгаар Бээжинд саналаа уламжилсан бөгөөд Хятадын тал Трамп оролцохоор зөвшөөрвөл уулзалтыг эсэргүүцэхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.Гэхдээ АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээлснээр, Трамп уулзалтад оролцохоо хараахан зөвшөөрөөгүй байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков боломжит уулзалтын талаар хэлэлцсэн болохыг баталсан ч зохион байгуулах эсэх, хэлэлцэх асуудал нь одоогоор тодорхойгүй байгааг мэдэгджээ.Уулзалтыг арваннэгдүгээр сарын 18–19-нд Шэньжэнь хотод болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулах хувилбар яригдаж байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг уг хэлэлцээнд оролцуулах эсэх талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа аж.Энэ нь Украины ирээдүй, дайныг зогсоох нөхцөлийг тус улсын өөрийнх нь оролцоогүйгээр хэлэлцэх эрсдэлийг дагуулж буйгаараа анхаарал татаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, Путин дайныг ОХУ-ын ашиг сонирхолд нийцсэн нөхцөлөөр дуусгахыг зорьж байгаа аж. Гэвч уулзалт болох эсэх, ямар асуудлыг хэлэлцэх нь эцэслэн шийдэгдээгүй байна.