Цахим худалдаа өргөжихийн хэрээр онлайн худалдан авалт, төлбөр тооцоотой холбоотой залилангийн эрсдэл нэмэгдэж байна. Ялангуяа хэт хямд үнэ санал болгох, яаралтай төлбөр шаардах, хуурамч холбоос илгээх зэргээр иргэдийн итгэлийг урвуулан ашиглах тохиолдол гардаг. Иймд цахим орчинд худалдан авалт хийх, мөнгө шилжүүлэхдээ болгоомжтой хандаж, санхүүгийн мэдээллээ хамгаалаарай.
1. Хэт хямд үнэ санал болгож, төлбөрөө яаралтай шилжүүлэхийг шаардах
“Хямдрал дуусах гэж байна”, “Цөөхөн үлдсэн”, “Одоо урьдчилгаагаа шилжүүлбэл барааг тань хадгалж өгнө” гэх мэтээр яаруулж байна уу? Түр азнаж, худалдагч болон цахим хуудасны мэдээллийг нягталж, барааны үнэ, хүргэлтийн нөхцөлийг шалгаарай. Мөн урьдчилгаа төлбөр шилжүүлэхдээ ихэд болгоомжлоорой.
2. Байгууллагын нэр, лого ашигласан хуурамч урамшууллаас болгоомжлох
Аливаа байгууллага, банкны нэр барьсан “урамшуулал”, “сугалаа” гэсэн зар, мессеж ирсэн бол шууд итгэж болохгүй. Залилагчид аль нэг байгууллага, банкны нэр, лого, таних тэмдгийг ашиглан хуурамч холбоос дээр даруулж, нэвтрэх мэдээллийг тань авахыг оролддог. Мессэжээр ирсэн холбоосоор нэвтрэхийн оронд банкны албан ёсны аппликэйшнээр хандаарай.