Рио Тинто групп 2026 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа нийтэлсэн бөгөөд Оюу толгой уурхай группийн зэсийн үйлдвэрлэлийн гол хөдөлгүүр болж байгааг онцолжээ.
Тайланд дурдсанаар, Оюу толгойн баяжмал дахь зэсийн хэмжээ гуравдугаар улиралд 114 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 27 хувь, өмнөх улирлаас 17 хувиар өссөн. Оны эхнээс хуримтлагдсан дүн 312 мянган тоннд хүрч, 29 хувийн өсөлттэй гарчээ.
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт гуравдугаар улиралд үйл ажиллагааны өндөр гүйцэтгэл үзүүлснийг онцолж, Оюу толгойн энэ улирлын үйлдвэрлэлийн хурдаар тооцвол жилд ойролцоогоор 450 мянган тонн зэс үйлдвэрлэх түвшинд хүрснийг дурдсан байна.
Түүнчлэн, өнгөрсөн есдүгээр сард Монголын Засгийн газар, Рио Тинто групп хооронд хийсэн хэлэлцээр амжилттай болж, талууд Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах тохиролцоонд хүрснээ зарласан. Рио Тинтогийн гуравдугаар улирлын тайланд Оюу толгойн Хувьцаа эзэмшигчдийн зээлийн хүүгийн өөрчлөлтийг албан ёсоор баталгаажуулсан гэж тайланд тусгажээ.
Оюу толгойн үйлдвэрлэлийн өсөлт бусад уурхайн бууралтыг нөхсөн тул Рио Тинтогийн нийт зэсийн үйлдвэрлэл гуравдугаар улиралд тогтвортой хадгалагдсан байна. Группийн нийт зэсийн үйлдвэрлэл улиралд 205 мянган тонн буюу өмнөх оны түвшинд, оны эхнээс 646 мянган тонн болж 1 хувиар өссөн байна.