Сурвалжилга: Долоон шуудай түлшний хэмжээг нэмэгдүүлж 10-15 болгох шаардлагатай байна
Манай сурвалжлах баг 21 дүгээр хороолол болон Зурагтын гэр хорооллын зарим хэсгээр явж, түлш борлуулах цэгүүдийн хүртээмж, энэ жил шинээр худалдаанд гарсан түлшний чанар, хүрэлцээний талаар оршин суугчдын байр суурийг сонслоо. Иргэдийн хувьд түлшний чанар өнгөрсөн жилийнхээс ялгаа алгаүй, харин түлшний хүртээмж, олгож буй хэмжээ нь тулгамдсан асуудал болжээ.
Тодруулбал, нэг өрхөд долоо хоногт дээд тал нь долоон шуудай түлш олгож байгаа нь өвлийн хүйтэнд айл өрхийн хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгааг иргэд хэлж байна. Зарим өрх өдөрт хоёр шуудай түлш хэрэглэдэг байтал өдөрт нэг шуудайг ч хүрэлцэхээргүй хэмжээгээр олгож байгаа нь хүндрэл учруулж байгаа юм. Тиймээс долоо хоногт олгох түлшний хэмжээг 10–15 шуудай болгон нэмэгдүүлэх хүсэлтийг иргэд тавьж байна.
Хэдийгээр том байшинтай өрхүүд багийн даргын тодорхойлолт гаргуулснаар нэмэлтээр хоёр, гурван шуудай түлш авах боломжтой байдаг ч нүүж ирээд удаагүй, оршин суугаа хаяг нь өөрийн нэр дээр бүртгэлгүй иргэдэд энэ боломж тэр бүр нээлттэй биш байна. Тэд түлшний хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ч холбогдох бичиг баримтын нөхцөлөөс шалтгаалан нэмэлт түлш авч чадахгүй байгаагаа хэлсэн юм.
Өвлийн хүйтэнд долоон шуудай түлш яагаад ч хүрэхгүй
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
21-р хорооллын оршин суугч Б.Тогтох (нэрийг өөрчлөв) Манай түлшийг хүүхэд маань л авч байгаа. Миний гар бэртээд сойлттой байгаа болохоор өөрөө түлшиндээ явж чадахгүй байна. Сураг сонсоход нэг айлд долоо хоногт долоон шуудай түлш л өгч байгаа юм билээ. Илүү огт өгөхгүй байгаа гэсэн.
Манай энэ хавьд түлш борлуулах цэг байдаг ч их цөөхөн, хоорондоо хол зайтай. Ойрхон цэг байлгах боломжгүй байдаг юм болов уу, эсвэл байршуулах айл олддоггүй юм болов уу гэж боддог. Манай энэ хавьд шинэ түлш хараахан ирээгүй, ирэх болоогүй гэж сонссон. Тийм болохоор одоогоор өнгөрсөн жилийн хуучин нүүрсээ авч түлж байгаа.
Долоон шуудай түлш манайх шиг том байшинтай айлд бол огт хүрэлцэхгүй шүү дээ. Гадаа хүйтэрч эхлэхээр манайх өдөрт хоёр шуудай түлдэг. Тэгэхээр түлш хүрэлцэхгүй, их хэцүү. Аль болох гамнаж л түлж байна. Гэхдээ том байшинтай айлд багийн даргын тодорхойлолтоор нэмэлт хоёр, гурван шуудай түлш өгдөг гэж сонссон. Энэ жил тэр боломжийг нь судлаад, нэмэлт түлш авч үзье гэж бодож байгаа. Өргөдөл гаргадаг юм уу, яаж хүсэлтээ өгөх ёстой юм бол сайн мэдэхгүй байна. Одоохондоо гадаа нэг их хүйтрээгүй болохоор өдөрт нэг шуудай түлж байгаа. Түлшний илч бол сайн байна. Манай угаар мэдрэгч хэвийн ажиллаж байгаа. Харин зарим айлын угаар мэдрэгч ажилладаггүй юм билээ.
Зурагтын хуучин эцсийн оршин суугч А.Болд (нэрийг өөрчлөв) Энэ шинэ түлш гайгүй, дажгүй л байна. Манайх шинэ түлш худалдаанд гарч эхэлснээс хойш хэрэглэж байгаа. Өнгөрсөн жилийн түлштэй харьцуулахад чанарын хувьд яг л адилхан санагдаж байна. Хамгийн гол асуудал нь долоо хоногт долоон шуудай түлш олгож байгаа нь огт хүрэлцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өдөрт нэг шуудай түлш л хэрэглэх боломжтой гэсэн үг. Гэтэл байшинтай айлуудад нэг шуудай түлш хүрэлцдэггүй. Тиймээс долоо хоногт олгох түлшний хэмжээг 7-10 болгож нэмэгдүүлмээр байна.
Багийн даргын тодорхойлолтоор нэмэлт түлш авах боломжтой гэж сонсож байсан. Гэхдээ манайх энэ хороонд нүүж ирээд хоёр жил болж байгаа ч одоогоор хорооны харьяаллаа шилжүүлж амжаагүй. Яг тухайн хорооны оршин суугчаар бүртгүүлсэн байж л нэмэлт түлш авах боломжтой юм билээ. Одоо түлшний хүрэлцээг л нэмэгдүүлчихвэл чанарын хувьд гайгүй байна.
Ялангуяа ид хүйтний үед түлш олдоц муутай, оочирлож байж авна. Ер нь одоо бүх зүйл л оочиртой болчихлоо. Манайх түлш борлуулах цэгийн хажуугийн дэлгүүрийн эгчийг таньдаг болохоороо түлш ирвэл эртхэн хэлээрэй гэж захидаг. Тэгээд түлш буусан даруйд нь яаравчлан очиж авахгүй бол олдохгүй. Миний бодлоор түлшийг яаж ч сайжруулсан түүхий нүүрсийг гүйцэхгүй юм шиг санагддаг. Утаа нь үнэхээр багасаж байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг ч сайн мэдэхгүй байна. Манай энэ хавьд түлш борлуулах цэг цөөхөн байдаг. Хойд талд нэг, урд талд нэг, энд байгаатай нийлээд гуравхан цэг байна. Манай угаар мэдрэгч найдвартай ажиллаж байгаа. Саяхан манайд ирж шалгасан.
Зурагтын хуучин эцсийн оршин суугч Г.Дорж (нэрийг өөрчлөв) Долоон шуудай түлш гэдэг ер нь л хүрэлцдэггүй юм. Айлууд түлшээ бага багаар хувааж, гамнаж хэрэглэж байна. Өвлийн хүйтэнд долоон шуудай яагаад ч хүрэхгүй. Ер нь энэ жилийн түлш дажгүй л байна. Ер нь түлшээ дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй гэж боддог. Хятадад мөнгө төгрөг төлж нүүрс аваад байхын оронд өөрсдөө үйлдвэрээ барьж, хүмүүсээ ажлын байраар хангаад, цалинжуулаад явбал илүү дээр шүү дээ. Манай улс чадахгүй улс биш. Хийе гэвэл манайхан маш сайн хийж чадна.
Түлшний чанарын хувьд мэргэжлийн хүмүүс нь шалгаж, хянаж байгаа байх. Чанар нь ч яваандаа илүү тодорхой болох байх. Харин хүртээмжийн хувьд долоо хоногт 10–15 шуудай түлш олгодог байхад айл өрхүүдэд арай хүрэлцээтэй санагдаж байна. Үнийн хувьд боломжийн. Долоон шуудай түлш 26,250 төгрөг гэдэг бол боломжийн үнэ юм.
2026-2027 оны халаалтын улирал эхэлж, нийслэлийн долоон дүүргийн 440 борлуулалтын цэгээр 2275 тонн шахмал түлш худалдаанд гаргажээ. “Тавантолгой түлш” ХХК энэ халаалтын улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөж байна. Нийлүүлэх нийт түлшний 120 мянган тонн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлш бол үлдсэн 307 мянган тонн нь хагас коксон түлш байх юм. Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлшийг арваннэгдүгээр сарын 1 хүртэл нийслэлийн айл өрхийн хэрэглээнд нийлүүлэх бөгөөд хагас коксон түлшийг дараа нь худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Одоогоор түлшний үйлдвэр 24 цагаар ажиллаж, хоногт 1300-1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Иргэд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлшийг нэг шуудайг нь 3750 төгрөгөөр, хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр “Хотула” аппликейшнээр дамжуулан худалдан авах боломжтой. Үйлдвэрлэсэн түлшийг гэрээт 38 компанийн 300 орчим тээврийн хэрэгслээр агуулах болон борлуулалтын цэгүүдэд хүргэж байгаа юм.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нийслэлийн долоон дүүрэгт байрлах шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд ажиллаж, борлуулагчид болон худалдан авагчдын санал, хүсэлтийг сонсож эхэлжээ. Тэрээр өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн борлуулалтын цэгүүдэд ажилласан байна. Тэрээр "Иргэдийн түлш нөөцлөх хүсэл, шаардлагыг ойлгож байгаа ч нийлүүлэлт, хангамжтай холбоотойгоор одоогоор нэг өрхөд долоо хоногт долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй" гэсэн юм. Борлуулалтын цэгүүдийн мэдээллээр шахмал түлшний чанар, хүртээмж, жин, хэмжээний асуудалгүй бөгөөд борлуулалт хэвийн үргэлжилж байгаа юм. Харин ачаалал нэмэгдэх үед “Хотула” аппликейшн гацах хүндрэл гардаг бөгөөд иргэд долоо хоногт олгож буй хэмжээнээс илүү түлш худалдан авах хүсэлтэй байгааг борлуулагчид мэдээлжээ.
Ийнхүү 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд шинэ төрлийн шахмал түлш нийлүүлж эхэлсэн ч иргэдийн хувьд түлшний чанараас илүүтэй хүртээмж, хүрэлцээ нь тулгамдсан асуудал хэвээр байна. Бидний сурвалжилсан 21 дүгээр хороолол болон Зурагтын гэр хорооллын оршин суугчдын хувьд нэг өрхөд долоо хоногт олгож буй долоон шуудай түлш нь ялангуяа том байшинтай, олон өрөө тасалгаагаа халаах шаардлагатай айлуудад хүрэлцэхгүй байгааг хэлж байлаа. Тиймээс иргэд долоо хоногт олгох түлшний хэмжээг 10-15 шуудай болгон нэмэгдүүлэх, борлуулалтын цэгийн тоо, хүртээмжийг сайжруулах хүсэлтэй байна.
“Тавантолгой түлш” ХХК энэ халаалтын улиралд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөж, үйлдвэрээ 24 цагаар ажиллуулан үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байгаа ч төлөвлөсөн хэмжээний нийлүүлэлт бодит амьдрал дээр айл өрх бүрийн хэрэгцээнд хүрч байгаа эсэх нь чухал юм. Түлшний чанар, үйлдвэрлэлийн хэмжээнээс гадна иргэд хэрэгцээтэй үедээ түлшээ хүндрэлгүй авч, өвлийн турш дулаахан байх нь өвөлжилтийн бэлтгэлийн үр дүнг тодорхойлох юм.