Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн дараа хохирлыг нөхөн төлүүлэх, буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.

2026 оны аравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газрын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр орчимд хээрийн түймэр гарсан. Онцгой байдлын байгууллагын мэдээллээр түймрийн дуудлага тухайн өдрийн 11:55 цагт бүртгэгдсэн бөгөөд гал гарсан газар аймгийн төвөөс 485, сумын төвөөс 125 километрийн зайд оршдог байна. Онцгой байдлын байгууллагын мэдээллээр түймрийг аравдугаар сарын 12-ны 00:55 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байжээ. Унтраах ажиллагаанд Монголын зургаан аймаг, дүүргийн онцгой байдлын байгууллага, хил хамгаалах байгууллага, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, орон нутгийн иргэд оролцжээ. Мөн БНХАУ-ын талаас хүн хүч, техник хэрэгсэл дайчлан ажилласан байна. Олон зуун хүн, олон арван техник хэрэгсэл оролцсон уг түймрийг унтраахад гарсан зардал, байгаль орчинд учирсан асар их хохирол, нөхөн сэргээхэд шаардагдах хөрөнгийг хэрхэн тооцох, компанийн удирдлага болон зөвшөөрөл олгосон байгууллагууд ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг анхааралтай ажиглаж байна.
Монголын анхны үүрэн холбооны оператор Мобиком корпорацийн тайлбараар, компанийн төлөөлөл Халхголын хилийн заставыг 4G сүлжээнд холбосон ажил болон Сүмбэр боомтын шилэн кабелийн холболтыг хүлээлгэн өгөх, цаашид сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах зорилгоор тухайн бүсэд ажиллаж байжээ. Энэ үеэр компанийн автомашинд гал гарч, улмаар хээрийн түймэр дэгдсэн гэж мэдээлсэн ч, огтхон ч харамсаж буйгаа илэрхийлсэн эсвэл уучлалт гуйсан үг хэлээгүй байсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Мөн цахим хуудсанд оруулсан мэдэгдлээ устгаж, дахин өөрчилж оруулсан нь томоохон компанийн хувьд бас л ёс зүйгүй үйлдэл болов. Хэрэв анхны мэдэгдэлд дутуу, буруу мэдээлэл орсон бол түүнийгээ тайлбарлах, шинэ баримт гарсан бол өмнөх мэдээллээ ямар шалтгаанаар зассанаа тодорхой болгох, шалгалтад саад учруулахгүй хүрээнд зөвшөөрөл, ажлын зорилго, аюулгүй ажиллагааны талаар баримттай мэдээлэл өгөх нь чухал.