Д.Дэлгэрчимэг: Дэлхий нийтэд ч баавгай суурьшлын бүс рүү ихээр орж ирж байгаа учраас зөвхөн өлсгөлөнгөөс болсон гэж бодохгүй байна
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Дэлгэрчимэгтэй баавгай их хэмжээгээр суурьшлын бүс рүү нэвтэрч байгаа шалтгааны талаар ярилцлаа.
-2018 онд баавгайтай холбоотой хоёр, 2019 онд нэг удаагийн дуудлага бүртгэгдсэн бол энэ жил асар олон тохиолдол бүртгэгдээд байна. Баавгай байгалийн амьдрах орчноосоо гарч, хүн ам суурьшсан бүс рүү ойртох болсон шалтгааныг газар зүй, экологийн талаас хэрхэн тайлбарлах вэ?
-Газарзүй, экологийн талаас нь авч үзвэл, баавгай суурьшлийн бүс рүү нэвтэрсэн тохиолдлын байршлууд өөрчлөгдөж байна. Эхэндээ ой бүхий газруудад голчлон бүртгэгдэж байсан бол одоо тал хээрийн бүсэд ч үзэгдэх болсон. Мөн өмнө нь бамбрууш гарч ирэх нь илүү их бүртгэгддэг байсан бол сүүлийн үед нас бие гүйцсэн баавгай нэмэгдэж байна. Ер нь нас бие гүйцсэн том баавгайнууд идэш тэжээл сайтай газрыг эзэмшил нутаг болгон тогтоож, залуу баавгайнуудаа тухайн нутгаас шахан гаргах зан төлөвтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор залуу баавгайнууд идэш тэжээл хайж, өөр нутаг руу шилжих тохиолдол гардаг. Гэхдээ одоо зөвхөн залуу бус, нас бие гүйцсэн баавгайнууд ч ойгоос алслагдсан газар, тэр дундаа тал хээрийн бүсэд бүртгэгдэх болсон нь анхаарах асуудал юм.
Үүнийг нэг талаас идэш тэжээлийн нөөцтэй холбон тайлбарлаж болно. Ойн бүсэд баавгайн идэш тэжээл болдог ургамал, жимс жимсгэнэ болон бусад хүнсний эх үүсвэр хомсдох нь тэднийг өөр газар руу шилжихэд нөлөөлж болзошгүй. Ийм өөрчлөлтөд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй орчны доройтол, байгалийн нөөцийн хомсдол зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа гэж үзэж болно. Нөгөө талаас, хүний суурьшлын бүс, бэлчээрийн мал аж ахуйн эзэмшил газар болон зэрлэг амьтдын амьдрах орчин хоорондын давхцал нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хүн, малын ашиглаж буй нутаг дэвсгэр зэрлэг амьтдын амьдрах орчинтой улам ойртож, давхцаж байгаагаас хүн, баавгай хоорондоо таарах эрсдэл нэмэгдэж байна гэж ойлгож болно.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Суурьшлын бүсэд орж ирсэн зарим баавгайн ходоодонд хоол тэжээл байгаагүй гэж мэдээлж байсан. Үүнийг байгалийн идэш тэжээлийн хомсдолтой шууд холбон үзэж болох уу. Зөвхөн ходоод хоосон байгаагаар хоол тэжээлийн дутагдалтай байсан, эсвэл өлсгөлөнгөөс болж суурьшлын бүс рүү орж ирсэн гэж дүгнэх боломжтой юу?
-Суурьшлын бүсэд орж ирж, иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн зарим баавгайг устгах арга хэмжээ авч байгаа. Устгасан баавгайд задлан шинжилгээ хийхэд ходоод нь хоосон байсан гэсэн мэдээлэл бий. Үүнд үндэслээд өлсгөлөнгийн улмаас суурьшлын бүс рүү орж ирж байна гэж таамаглаж болох юм. Гэхдээ үнэхээр идэш тэжээлийн хомсдолоос үүдэж байна уу, эсвэл баавгайн тоо толгой нэмэгдсэнтэй холбоотойгоор тархац нутаг нь тэлж байна уу гэдгийг судалгааны үр дүнд тулгуурлан тогтоох шаардлагатай.
Одоогийн байдлаар бид барьсан баавгайнуудад хийсэн шинжилгээний хариуд үндэслэн тодорхой таамаг дэвшүүлж байгаа болохоос биш, шалтгааныг нь бүрэн тогтоогоогүй байна. Тиймээс идэш тэжээлийн хомсдол, тоо толгойн өсөлт, тархац нутгийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн аль нь хэрхэн нөлөөлж байгааг нарийвчилсан судалгаагаар тогтоосны дараа эцсийн дүгнэлт хийх нь зүйтэй.
-Баавгай халдварт өвчин, шимэгч хорхой эсвэл бусад физиологийн өөрчлөлтөөс шалтгаалан хэвийн бус зан авир гаргах боломжтой юу. Ийм таамгийг шалгахын тулд ямар лабораторийн болон мал эмнэлгийн шинжилгээ шаардлагатай вэ. Одоогоор Монголд суурьшлын бүсэд орж ирсэн баавгайн биеийн байдал, өвчлөлийн талаар судалгаа, шинжилгээ хийсэн үү?
-Одоогоор Монгол Улсад хүрэн баавгайн өвчлөлийн талаар тусгайлан хийсэн судалгааны ажил байхгүй. Харин олон улсын судалгаануудад хүрэн баавгайн дархлааны тогтолцоо, халдварт өвчинтэй тэмцэх онцлогийг судалсан байдаг. Хүрэн баавгайд гадаад, дотоод шимэгч байдаг ч зооноз буюу амьтнаас хүнд дамждаг халдварт өвчний тохиолдол харьцангуй ховор гэж үздэг.
Тухайлбал, хүрэн баавгай ичээндээ орох үедээ биеийн температур, зүрхний цохилт зэрэг физиологийн үйл ажиллагаагаа бууруулдаг. Гэсэн хэдий ч энэ хугацаанд дархлаатай холбоотой генүүдийн идэвхжилд өөрчлөлт орж, дархлааны үйл ажиллагаагаа зохицуулах онцлогтой. Өөрөөр хэлбэл, хүрэн баавгай ичээний үедээ физиологийн үйл ажиллагаа нь удааширсан ч дархлааны тогтолцоогоо зохицуулах чадвартай байдаг нь тэдний өвчин үүсгэгчтэй тэмцэх онцлогийн нэг юм.
-Баавгай өвөл ичихийн өмнө өөх нөөцлөхийн тулд идэш тэжээлийн хэрэглээгээ нэмэгдүүлдэг онцлогтой. Энэ жилийн суурьшлын бүс рүү нэвтрэх тохиолдлууд баавгайн ичээндээ орохын өмнөх бэлтгэл, хоол тэжээл хайх зан үйлтэй холбоотой байж болох уу. Баавгай ердийн үед ямар хэмжээний нутаг дэвсгэрт шилжилт хөдөлгөөн хийдэг, идэш тэжээлийн нөөцөөс шалтгаалан хэр хол нүүдэллэдэг вэ?
-Одоогийн байдлаар Монгол Улсад хүрэн баавгайн тоо толгой, тархац нутаг, шилжилт хөдөлгөөний чиглэлийн талаар хийсэн судалгаа хангалтгүй байна. Тиймээс хүрэн баавгайн судалгааг нарийвчлан хийж гүйцэтгэх нь нэн шаардлагатай асуудлын нэг болоод байна. Ерөнхийдөө хүрэн баавгай гуравдугаар сард ичээнээсээ гарч, аравдугаар сарын сүүл үеэс ичээндээ орж эхэлдэг. Ичээнд орохын өмнө энерги аль болох бага зарцуулахын тулд шилжилт хөдөлгөөн нь багасаж, ичээ орчмын нутагтаа голчлон байршиж, хоол тэжээлээ олж идэх зан төлөв ажиглагддаг.
Харин энэ жилийн хувьд баавгайн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, суурьшлын бүсэд орж ирэх болсон нь юутай холбоотой вэ гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай байна. Идэш тэжээлийн хомсдолоос болж илүү хол зайд шилжин хөдөлж байна уу, эсвэл хүний суурьшлын бүс тэлж, амьдрах орчин нь давхцсанаас шалтгаалан хүнээс зай барих зан төлөв нь өөрчлөгдөж байна уу гэдгийг одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Эдгээр асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв хариулт өгөхийн тулд баавгайн шилжилт хөдөлгөөн, зан төлөв, идэш тэжээлийн нөөц болон амьдрах орчны өөрчлөлтийг хамарсан нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна.
-Дэлхийн бусад улс оронд баавгай суурьшлын бүсэд нэвтрэх, хүн рүү дайрах тохиолдол нэмэгдэж байгаа юу. Монголд ажиглагдаж байгаа энэ үзэгдэл дэлхийн бусад бүс нутагт гарч буй өөрчлөлттэй ижил төстэй болов уу. Гадаадын судалгаанд энэ асуудлыг шийдэх ямар арга хэмжээ үр дүнтэй гэж үздэг вэ. Монгол Улс энэ чиглэлээр ямар судалгаа хийж, ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай бол?
-Баавгайтай улс орнуудад суурьшлын бүс рүү баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа. Тиймээс би шууд л өлсгөлөн баавгай гэж нэрлэхийг дэмжихгүй байгаа юм. Үүний цаана өөр олон хүчин зүйл нөлөөлж байж болно. Тухайлбал, хүмүүс зэрлэг амьтдыг хооллох, бамбаруушийг нь өрөвдөж авч тэжээгээд буцаан байгальд нь тавих, хог хаягдлаа ил задгай хаях зэрэг үйлдэл нь баавгайг хүнд дасгаж, улмаар хүнээс дайжих төрөлхийн зан төлөвийг нь сулруулж байгаа юм биш биз гэж харж байна.
Олон улсад ч баавгай суурьшлын бүсэд орж ирэх бүрд шууд устгах арга хэмжээ авахын оронд эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Жишээлбэл, баавгайтай бүс нутгаар явахдаа дуу чимээ бага гаргах, хог хаягдлаа ил задгай орхихгүй байх, ганцаараа явахгүй байх зэрэг зөвлөмжийг өгдөг. Хэрэв баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд дараагийн шатанд мэргэжлийн баг ажиллаж, тухайн баавгайг барих, шаардлагатай бол өөр газар шилжүүлэн нутагшуулах арга хэмжээ авдаг.
Харин Монгол Улсын хувьд ийм арга хэмжээ авахад шаардлагатай мэргэшсэн боловсон хүчин, техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байна. Ялангуяа зэрлэг амьтны чиглэлээр мэргэшсэн эмч, амьтан барих, аюулгүй тээвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж хомс. Үүнээс гадна зэрлэг амьтныг унтуулах, булчин сулруулах зориулалттай эм, бэлдмэлийг гаалиар оруулж ирэхэд хүндрэлтэй байдаг. Учир нь эм, урвалжийн зохицуулалтад хүнд зориулагдсан бүтээгдэхүүнүүд тусгагдсан байдаг бол зэрлэг амьтанд хэрэглэх зориулалттай эм, бэлдмэлийг нэвтрүүлэхэд хязгаарлалт тулгардаг.
Судалгааны зорилгоор эдгээр эм, бэлдмэлийг оруулж ирлээ гэхэд Монгол Улсад зэрлэг амьтны чиглэлээр мэргэшсэн эмч байхгүй учраас олон улсын мэргэжилтнүүдийн хяналт, оролцоотойгоор амьтан барих шаардлага үүсэж байна. Энэ нь зэрлэг амьтантай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тулгарч буй томоохон бэрхшээлүүдийн нэг юм. Манайд мэргэжлийн ур чадвар сайтай малын эмч нар бий. Гэхдээ зэрлэг амьтан болон гэрийн тэжээвэр амьтдын физиологи, бие махбодын онцлог хоорондоо эрс ялгаатай. Тиймээс гэрийн тэжээвэр амьтдыг эмчлэх туршлага дангаараа зэрлэг амьтныг аюулгүй барих, тайвшруулах, эмчлэхэд хангалтгүй. Зэрлэг амьтны онцлогт тохирсон мэдлэг, ур чадвар, тоног төхөөрөмж, эм бэлдмэлийн хүртээмжийг бүрдүүлэх шаардлагатай байна.
-Монголд баавгай суурьшлын бүс рүү нэвтэрсэн газруудын байршил, өндөршил, ургамлын бүрхэвч, ой мод, усны эх үүсвэр болон идэш тэжээлийн нөөцтэй хамаарлыг судалсан болов уу?
-Мэдээж Монгол орны хэмжээнд төдийгүй бүс нутаг, аймгийн түвшинд хүрээлэн буй орчин, экологийн чиглэлээр олон судалгаа хийгдсэн байдаг. Гэхдээ эдгээр судалгааг чиглэл чиглэлээр нь өөр өөр байгууллагууд хийдэг. Тухайлбал, ургамалжилтын судалгааг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, ус, хөрс, геологийн судалгааг Газарзүй, геоэкологийн хүрээлэн, уур амьсгалын судалгааг цаг уур, хүрээлэн буй орчны чиглэлийн судалгааны байгууллагууд тус тус хийж байна.
Тэгэхээр эдгээр судалгааны үр дүнг нэгтгэж, тухайн бүс нутгийн байгаль, экологийн төлөв байдлыг бүхэлд нь харуулсан иж бүрэн судалгааны тайлан гаргах боломж бий. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд оюуны өмчийн асуудал хөндөгдөх байх. Учир нь судлаачид олон жилийн турш хээрийн нөхцөлд ажиллаж, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулан байж мэдээлэл, өгөгдөл цуглуулдаг. Тэрхүү дата мэдээлэл нь тухайн судалгааг хийсэн байгууллага, судлаачдын хөдөлмөрийн үр дүн учраас оюуны өмчийн асуудалтай холбоотой.
Тиймээс нэг байгууллага өөрийн цуглуулсан мэдээллээ өөр байгууллагад шууд өгөх нь судлаачдын хувьд таатай зүйл биш байж болно. Мөн мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, эх сурвалжийг нь тодорхой дурдахгүй байх нь судалгааны ёс зүйтэй холбоотой асуудал үүсгэнэ. Иймээс судалгааны үр дүнг нэгтгэхийн тулд байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ мэдээлэл ашиглах эрх, оюуны өмч, судалгааны ёс зүйн асуудлыг урьдчилан тодорхой зохицуулах шаардлагатай гэж бодож байна.
"Хүний амьнаас үнэтэй зэрлэг амьтан гэж байх ёсгүй" гээд баавгайг устгаад байж болохгүй.
Д.Дэлгэрчимэг
-Танд төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байгаа болов уу?
-Хүрэн баавгай Монгол Улсад урьд нь байгаагүй, гэнэт гарч ирсэн амьтан биш шүү дээ. Угаасаа бидэнтэй зэрэгцэн оршиж ирсэн. Харин хүн суурьшсан газраас аль болох зайлсхийж, өөрийн амьдрах орчиндоо амьдарч байсан гэсэн үг. Гэтэл хүний үйл ажиллагааны нөлөөгөөр баавгайн идэш тэжээл болдог самар, жимс, бусад зэрлэг амьтдын нөөц хомсдож, улмаар идэш тэжээлийн дутагдалд орох нөхцөл бүрдсэн байж болзошгүй. Энэ байдал олон жилийн турш үргэлжилсний эцэст энэ жил баавгай аргагүйн эрхэнд хүний суурьшлын бүсэд орж ирж байна уу гэж харж байгаа юм. Гэхдээ баавгайг зүгээр явж л байг гээд орхиж болохгүй. Иргэдийн аюулгүй байдал хамгийн чухал.
Нөгөө талаас, хүний амь насанд эрсдэл учирч болзошгүй гэдэг шалтгаанаар зэрлэг амьтдыг хамаагүй устгаад байж бас болохгүй. Өнгөрсөн жил гэхэд л саарал чоныг олноор нь устгасан. Энэ нь экосистемд ямар нөлөө үзүүлсэн бэ гэдгийг ч анхаарч үзэх шаардлагатай. Махчин амьтад амьдрах орчин, идэш тэжээлийн нөөцийн хувьд хоорондоо тодорхой хэмжээнд өрсөлдөж, нэгнээсээ зай барин амьдрах тохиолдол бий. Тиймээс чонын тоо толгой буурснаар баавгайн тархац, хөдөлгөөнд нөлөөлж, өмнө нь чоно ихтэй байсан газруудад баавгай орж ирэх нөхцөл бүрдсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, чоно нь хүн болон баавгайн хоорондох нэг төрлийн байгалийн зааг болж байсан ч байж болно.
Энэ бүхэн экосистемийн тэнцвэрт байдал ямар чухал болохыг харуулж байна. Нэг зүйлийн амьтны тоо толгой эрс буурах, эсвэл тухайн орчноос алга болох нь бусад зүйлийн тархац, тоо толгой, зан төлөвт нөлөөлж, улмаар бүхэл бүтэн экосистемийн хэв шинжийг өөрчилж болзошгүй. Тиймээс зэрлэг амьтдыг хомроглон устгахын оронд тухайн бүс нутгийн онцлогт тохирсон, экосистемийн тэнцвэрийг хадгалах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Одоогоор байгаль орчны салбарынхан иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд 24 цагаар эргүүл хийж, дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагаа явуулж байна. Мөн иргэдэд аюул учруулж болзошгүй гэж үзсэн бодгалиудыг устгах, залуу бамбаруушуудыг тархац нутгийн гүн рүү шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа. Энэ бол нэг талаас иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, нөгөө талаас зэрлэг амьтдыг зохистой хамгаалах шаардлагатай холбоотой ажил юм.
Иргэд ч бас төр засаг, холбогдох байгууллагууд арга хэмжээ авах ёстой гэж хүлээхээс гадна өөрсдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг шоглож, үл тоомсорлохын оронд нухацтай хүлээн авч, дагаж мөрдөх хэрэгтэй байна. Хүний амь эрсэдсэний дараа харамсаж, халаглах биш, ийм эмгэнэлт явдал дахин гарахаас урьдчилан сэргийлэх нь чухал. Тиймээс иргэдийг холбогдох байгууллагуудын зөвлөмжийг мөрдөж, ажлын хэсгийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр хамтран ажиллаж, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалахад идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна.