Засгийн газрын ээлжит хурлаар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах нээлттэй санал асуулга эхлүүлэх шийдвэр гарчээ. Энэ дагуу өнөөдрөөс E-Мongolia-аар E-Zasag.mn платформоор дамжуулан Оюу толгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууж эхэллээ. Санал асуулга 14 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд гарсан дүнг аравдугаар сарын 28-нд нэгтгэж, УИХ-аас байгуулагдсан 2027 оны Төсвийн ажлын хэсэгт хүлээлгэн өгөх аж.Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан: Засгийн газар Оюу толгой төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар 2027 оны төсөвт санал өгсөн. Эцэслэн шийдэх нь УИХ-ын бүрэн эрх. Бид 14 хоногийн хугацаанд иргэдээс санал асууж, гарсан дүнг Төсвийн ажлын хэсэгт хүлээлгэн өгнө.Иргэд ногдол ашиг гэхээр шууд авна гэж ойлгоод байна. Баялгийн сангийн хуульд ногдол ашгийг бэлнээр авна гэсэн зүйл байхгүй. Хуулиар ногдол ашиг Хуримтлалын сан руу орох ёстой. Засгийн газар 1 их наядыг Хуримтлалын сан руу хийж, үлдсэнийг нь улсын хөгжлийг дэмжих суурь асуудлаа шийдье гэж байгаа. 3 их наядыг авах нь баталгаажаагүй гэсэн асуудал яригдаж байна. Бид баялгийн эзэн учраас хувь хүртэх ёстой. Иймээс авахгүй, өгөхгүй гэдэг асуудал гарахгүй.